sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хөрөнгө 2015 оноос хойш 800 сая доллароор багассан тухай “Форбс” сэтгүүл мэдэгдлээ.
 
Бизнесийн сэтгүүл болох “Форбс”-ын мэдэгдсэнээр, Нью-Йорк хот дахь үл хөдлөх хөрөнгийн бизнес нь явцгүй байгаа учраас Д.Трампын ашиг орлого буурч, цэвэр хөрөнгө нь одоогоор 3.7 тэрбум орчим доллароор хэмжигдэж байна.
 
Д.Трампын группэд хамаарах 28 компанийн 18-ынх нь, тэдгээрийн дотор Манхэттен дүүргийн V өргөн чөлөөн дэх “Trump Tower”, 71 давхар “40 Wall Street” цамхаг болон Палм-Бич хот дахь “Mar-a-Lago” хувийн клубын  орлого буурчээ.
 
Үүнээс гадна ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд их хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь хөрөнгийн хэмжээ нь буурахад нөлөөлсөн байна.
Гэхдээ тэрбумтан нэр дэвшигчийн хөрөнгийн бодит хэмжээ нууцлагдмал хэвээр байна. Тэрбээр өөрийгөө 10 тэрбум доллароос давсан хөрөнгөтэй гэж баярхаж байсан боловч “Bloomberg” телевиз түүнийг 3 тэрбум долларын хөрөнгөтэй гэжээ. Харин “Fortune” бизнесийн сэтгүүл Трампыг 3.9 тэрбум долларын хөрөнгөтэй гэж тооцоолжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг