sonin.mn
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ.
 
Нийслэлийн Засаг даргын Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн тухай,  Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Захирамжуудын  хүрээнд  Улаанбаатар хотыг тойрсон нийт есөн авто тээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн хяналтын цэгт мэргэжлийн албан хаагчдыг томилон ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа.
 
Энэ хугацаанд малын гоц халдварт шүлхий өвчин тээврийн хэрэгсэл болон мал амьтнаар дамжин нийслэлийн бүсэд тархахаас урьдчилан сэргийлэх цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар ХХААХҮЯ, ЗТХЯ болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын Засаг дарга нартай мэдээлэл солилцож хамтран ажилласан. Мөн Баянзүрх дүүргийн суурьшлийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан авто тээврийн шалган бүртгэх товчоог суурьшлийн бүсээс нүүлгэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах шийдвэрийг ЗТХ-ийн сайдтай хамтран гаргасан.
 
Цаашид шүлхий өвчний эрсдлээс урьчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтлийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэдэх мал эмнэлгийн хяналтын цэгийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулж, ариутгал халваргүйжүүлэлт хийж байгаа бусад долоон хяналтын постыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс зогсоох саналыг  Нийслэлийн онцгой комисст оруулж, шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Гар аргаар бус механикжсан хэлбэрээр тоноглосон тухайн хоёр хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй. Хөл хөдөлгөөн ихтэй учраас цаашид хүн, малын гоц халдварт өвчин бусад зүйлсээс урьдчилан сэргийлж байнгын ажиллагаатай байлгах саналтай байна. Халдварын голомтод байдал намжиж, дахин сэдрээгүй учраас үлдсэн долоон хяналтын цэгийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн Нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон малтай иргэдэд малаа вакцинжуулалтанд идэвхтэй хамруулах шаардлага хүргүүлэхийг  холбогдох албаныханд  үүрэг болголоо.
 
Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа Багахангай, Багануур, Налайх,  Баянзүрх дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж, улсын нөөцөөс шүлхийн вакцин хувиарлуулан нэгдүгээр ээлжийн вакциныг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлэн 96,3 хувийн гүйцэтгэлтэй, есдүгээр сарын 9-нөөс давтан вакцинийг 96,5 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгасан. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх есөн товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 80 928 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 244 920 авто машинд ариутгал халдваргүйжүүлэлт, 159 363 иргэнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, заавар өгч ажилласан байна.
 
2016 оны аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд нэг аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний хоёр тохиолдол, таван аймгийн 11 суманд цэцэг өвчний 12 тохиолдол, таван аймгийн 15 сумын нутагт мялзан төст өвчний 15 тохиолдол, Архангай аймгийн Өгийнуур суманд хорт салст халуурал, Хөвсгөл аймагт боом, Говь-Алтай аймгийн Бигэр суманд галзуу өвчин тус бүр нэг нэг бүртгэгдсэн байна. Нийт 12 аймгийн 32 сумын нутагт 33 тохиолдлын голомтод хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна. Нийслэлийн алслагдсан дүүргийн хил залгаа оршдог Төв аймгийн Баян суманд энэ оны наймдугаар сарын 24-нд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод 52 хоног, Төв аймгийн Баянжаргалан суманд гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 23 хоног, хязгаарлалтын дэглэм тогтоогоод 25 хоног нийт 48 хоног, наймдугаар сарын 31-ны өдөр гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод 45 хоног болж, голомтын бүсэд байгаа малын вакцинжуулах ажил 100 хувь хийгдсэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн малын гоц халдварт өвчин нэмэгдээгүй байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.