sonin.mn
Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан ухаалаг төхөөрөмжтэй болсноор  иргэд 15 хормын дотор улсынхаа хилийг нэвтрэх боломжтой боллоо. Хоёр жилийн өмнөөс БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллага “Э-Иммигрэйшн” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, таван сая ам.долларын санхүүжилт гарган хилийн шалган нэвтрүүлэх системийг цогцоор нь шийдэж өгсөн байна.
 
Шалгах цэгт суурилуулсан цахим төхөөрөмжинд иргэд өөрсдөө паспортаа шууд уншуулж, хурууны хээгээ таниулснаар 15 хормын дотор хил нэвтэрнэ. Энэ төхөөрөмжийг байнгын үйл ажиллагаатай 27 боомтод бүрэн  суурилуулах юм. Гадаад паспортаа уншуулж, хилийн шалганаар нэвтрэх гэж байгаа иргэний зургийг нүүрэн талаас нь шууд авч, паспортын зурагтай харьцуулан шалгасны дараа зөв танигдвал шалган нэвтрүүлэх цахим төхөөрөмжийн нэгдүгээр хаалга нээгдэнэ.
 
Хоёр дахь хаалга нь тухайн иргэний хурууны хээг уншиж, цахим мэдээллийн бааз дахь зорчигчийн мэдээлэлтэй таарвал нээгдэнэ. Ухаалаг машинаар хуурамч бичиг баримт уншуулж, хил нэвтрэх ямар ч боломжгүй. Зөрчил гаргасан иргэдийн дунд бусдын нэрийг ашиглан, өөрийнхөө зурагтай гадаад паспорт гаргуулах тохиолдол нэмэгдсэн. Шинэ төхөөрөмжийн туслалцаатайгаар  Гадаадын иргэн харьяатын газар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийн тоо, бүтцийг үнэн зөв тогтоох, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах нэгдсэн мэдээллийн сантай болж байна.