sonin.mn
“Хөгжлийн төлөө хамтдаа” уриатай Үндэсний хоёрдугаар форум энэ сарын 28-29-нд Төрийн ордонд болно.
 
Форумыг Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо /МХЗХҮХ/ санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо болон Нийслэлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.
Тус форумд Азийн Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, БНСУ-ын Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Канад Улсын хоршоодын төлөөлөл, Монголын хоршооллын нэгдсэн холбоо зэрэг гадаад, дотоодын байгууллагуудын төлөөлөл оролцоно. 
 
Чуулганы үндсэн хуралдаанаар хадгаламж зээлийн хоршооны хөгжлийн бодлогын асуудлыг, салбар хуралдаануудаар хамтын ажиллагаа, туршлага, үйл ажиллагааны онцлог зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
 
Манай улсад өдгөө 278 хадгаламж, зээлийн хоршоо 40 гаруй мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд анх удаа Хадгаламж зээлийн хоршоодын нийт активийн хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давжээ.
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг