sonin.mn
Монгол Улс охид амьдрахад ээлтэй 200 гаруй улсын жагсаалтын 57-р байрт орсон ч тэдний эрх сургууль, гэр зэрэг цагаа хамгийн их өнгөрүүлдэг газруудад зөрчигдсөөр байна.
 
Гүнж төвөөс “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Биднийг сонс” охидын эрхийн хоёрдугаар чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Тус чуулганаар өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, эрхээ хэрхэн хамгаалах талаар хэлэлцэж байгаа бөгөөд нийслэл, хөдөө орон нутгийн ЕБС-ийн 200 сурагч оролцов.   
 
2014 онд болсон чуулганаар эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар ярьж байсан бол энэ удаагийн чуулганаар эрхийн зөрчилийг хэрхэн арилгах талаар хэлэлцэж байна. Уг арга хэмжээнд тавигдсан илтгэл мөн зохион байгуулалтын ажлыг өмнөх чуулганд оролцсон охидууд хийсэн аж.
 
Гүнж төвийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг “Манай улсын хувьд охидын эрхийн зөрчил буурай болон хөгжиж буй орнуудыг бодвол харьцангуй бага байдаг ч хөгжингүй орнуудтай харьцуулахад их байна. Өнөөдөр эдгээр охидын ярьж байгаагаар тэдний эрх гэр болон сургуулийн орчинд зөрчигдөж байна. Охид гэрийн ажлыг хийх нь манай энгийн үзэгдэл гэж хүмүүс ойлгодог. Гэтэл энэ нь охидын хөгжих боломжийг хааж байдаг. Томчууд энэ мэтчилэн асуудлыг эрх нь зөрчигдөж байна гэж хардаггүй. Тиймээс энэхүү чуулганаар охидууд эрхээ хамгаалахын тулд хөдөлгөөн байгуулахаар хэлэлцэж байна” гэв.
 
Тус арга хэмжээг “Залуу нийтлэлчдийн клуб”, “Хөөрхөн зүрх” ТББ, Y-peer залуучуудын төв хамтран зохион байгуулж байна. Чуулганаас гарсан шийдлийг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгон хүргүүлэх аж.
 
Г.Даваамаа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг