sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. 

Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт,  соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. 

Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.