sonin.mn
Ямар ч атугай байгаль дэлхий, улс төр, эдийн засаг, сэтгэл оюун бүгд л шинэчлэгдэж байна. Зовлон хүртэл шинэчлэгджээ. Өглөө босоод л шинэ хорвоогийн үл таних зочинтой бишүүрхэн, хүнийрхэн золгож байнаа.
 
Мал сүрэг нь бэлчээртээ, байшин барилга нь хотдоо, машин унаа гудамжиндаа багтахгүй боллоо. Мөнгөн санхүү нь банкиндаа шингэхгүй оффшордож, мэргэжилтэй сэхээтэн нь эх орондоо ажилгүйдэж цагаачлах боллоо. 
 
Монгол Улс нэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин километр нутаг орондоо багтаж ядан чихэлдтэл баяжжээ. Энэ бүхэн бол нарс царс шиг хангай дэлхийгээс ургаагүй, намрын хамхуул шиг тэртээ холоос хийсч ирээгүй. Монгол нутагт монгол хүн бид тэгш дүүрэн аз жаргал хүсэн мөрөөдөхдөө хэцүүгээр багшлуулж, шүүслүүлж яваад л үүнийг бүтээсэн. 
 
Гэвч баахан андуурчээ. Баяжиж бэлжих тусам хүссэн аз жаргал хүзүү цээжээр татаад ирэх юм гэж бодсон чинь тэгдэггүй юмсанжээ. “Өмч хөрөнгө өөрөө хулгайч байдаг” гэж Ж.Прудон яалт ч үгүй үнэн хэлжээ. Эд хөрөнгө гэдэг чинь томрох тусам эзнийхээ хүмүн сэтгэлийг хулгайлаад идчихдэг юм байна. Аугаа их эссеч М.Монтень гуай “Хүмүүс эд хөрөнгөөр баяжих тусам оюун сэтгэлээр хоосордог” гэж бас үнэнийг хэлсэн байна.
 
Монголчуудын тэргүүлэх хэсэг нь эдээр баяживч хайран сайхан өгөөмөр сэтгэлээ хулгайлуулсаар байна. Барууны либералууд “баялгийн хараал” гэж яриад байсан нь үнэндээ оюун сэтгэлийн хоосролыг хэлээд байсан юм байна.
 
Байхгүйн зовлонгоос гадна баяжсаны зовлон гэж ийм айхавтар зовлон байдгийг монголчууд бид зах зухаас нь мэдэрч эхэллээ. Баяжсаны зовлон буюу баялгийн хараал гэдэг бол өөрт байгаа бүхнийг байхгүйгээр хардаг болтлоо өгөөмөр сэтгэлийн мэлмий сохорч муудахын зовлон юм. Байхгүй юмыг байлгах аргыг монголчууд муугүй мэднэ.
 
Жишээ нь, өр тавих, зээлдэх, гуйх, хулгайлах, булааж дээрэмдэх, залилаж, мэхлэх, авилгалах зэрэг мянга түмэн арга байдаг.Байгаа юмыг байхгүй гэж хардаг сэтгэлийн зовлон бол монголчуудын хувьд цоо шинэ зовлон. Түүнийг аргалах арга ухааныг бид огт мэдэхгүй. 
 
Хоосорч ядуурсан сэтгэлийн орон зайг чухамхүү юугаар яахин нөхөж дүүргэх аргыг Монголын төр засаг ч, түмэн олон нь ч огт гадарлахгүй тулгамдаж байна. Хоёр жилийн өмнөөс Өршөөлийн хуулиар ил гарч ирсэн нуугдмал хөрөнгө орлого нь гуч гаруй их наяд төгрөг болсон байх агаад түүнд ногдох ёстой байсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь долоон их наяд илүү төгрөг болох байсан гэж төрийн сайд хүн албан ёсоор ярихыг сонссон. Энэ чинь эд баялаг нь байсан боловч эзэд ба Монголын төр засаг нь байхгүй гэж харсан хөрөнгө орлогын зөвхөн нэг удаагийн баримт сэлт төдийхөн. 
 
Өнөөдрийн өндөр ханшаар хөрвүүлбэл гурван тэрбум доллартай тэнцэх хэмжээний татварын орлого байхгүй болсон гэсэн үг. Бас алтны онцгой татвар тогтоосон даруйд лав 10-20 тонн алт нууцаар хил давуулсан гэж ярьдаг. Иймэрхүү зүйлд хил гааль, тэр байтугай төр засаг байхгүй болдог юмсанж.Төр нь төр шиг агаад иргэн нь хүн шиг байгаагүйгээс Чингис бондын мөнгө гэгчээс хэд дахин их хэмжээний мөнгө эх оронч бус сэтгэлийн цоорхойгоор гоожиж алга болжээ.
 
 Энэчлэн сэхээрэх гэж оролдвоос энэ удаагийн эдийн засгийн хямрал нь цаанаа эх оронч сэтгэлийн хүнийслийг нууж халхалсны ноцтой баримт мөн шиг байна. Монгол эх орон минь хэмээх итгэл үнэмшил олон хүний тархизүрхнээс уургаа чирсэн хангал адуу адил хулжжээ.
 
Энэхүү эх орноосоо хулжсан хүниймслийн тугийг манай нэр нөлөө бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд толгойлж байгаа гэсэн мэдээ чих дэлсэх нь эх орончдын сэтгэлийг дэнслүүлнэ. Олны үг ортой байлгүй яав гэж!
 
Сэтгэл оюуны хоосрол нь практик утгаараа далд эдийн засаг буюу хулгайн эдийн засаг болж таардаг байна. Монголд халаасны, малын, орон байрны хулгай гэхчлэн ярьж, үсээ үгтээдэг байсан бол эдүгээ далд эдийн засгийн хулгай гэдэг бүр хэдэн их наяд төгрөг, олон тэрбум доллараар ярьдаг хүчирхэг хулгайтай нүүр тулжээ хэмээн шогширцгоож байна.
 
Эрт цагт хулгайч төрөөс айдаг байсан бол эдүгээ төр нь эдийн засгийн хулгайчдаас айдаг цаг иржээ. Одоогийн энэ их хямралыг эдийн засгийн хулгайчид бүтээн туурвисан гэж олон түмэн онилоод байгаа нь үнэний хувьтай биз ээ. Үндэсний хэмжээний эмгэнэл харуусал үүгээр дуусахгүй нь ээ.
 
Сүүлийн таван жилд Сири хэмээх улсын зургаан сая гаруй иргэн дүрвэж гарсан мэдээ байна. Дайн дажны хөлөөс айж эмээхдээ аврал эрж яваа хүмүүс. Тэгтэл манай монгол эх орноос даруй хоёр зуун мянгаад хүн буюу насанд хүрэгчдийн арваад хувь нь цагаачлан гарсан сураг байна. Тэд бол Сирийн иргэд шиг авралт амьдрал хайж яваа хүмүүс. Тэд бас л сиричүүд шиг эх орондоо амьдрахаас айж яваа хүмүүс! Харин тэднийг айлгаж байгаа зүйл нь сум бөмбөг биш монголчууд бидний хайртай дуртай, мөнөөх цалин хөлс мөн байх боловч амьдралыг хөнөөх хор хөнөөл нь тойруу холын утгаараа тэсрэх бөмбөг, исгэрэх сумтай ихээхэн адил төстэй болсон юм байна. 
 
Зүйрлэн дүрсэлбээс “Хүүе яадаг билээ, та минь ээ, монгол цалингаас авраарай" гэж дуу алдан адгаад гадаадын аль тааралдсан орон руу гараад явчихаж байна. Монгол цалин гэдэг бол амьдралтай, амьдралгүй хоёрын хооронд тарчилган талхиддаг зовлон болсон юм байна. Тийм учраас эх орондоо ингэж арьс нэхий шиг талхиулж байснаас харийн оронд одож “танихгүй айлын тогоо хадаж” амьдрах нь дээр гээд явчихдаг болжээ.
 
Цалин гэдэг нь тухайн үеийн засаг төрийн бодлогын тохируулагч механизм болдог байсныг бидний үеийн ахмадууд мэднэ. Би өөрөө 1948 онд бүрэн бус дунд сургууль төгсөөд сумандаа бага сургуулийн багшаар ажиллаж байхад сард 225, дунд сургууль дүүргээгүй багшид 200, сургуулийн захиралд 300 төгрөгийн цалин өгч байсан. Тэгсэн мөртлөө сумын дарга 180, сумын хоршооны дарга 150, сумын орлогч дарга 130 төгрөгийн цалинтай байсан юм. Бага ангийн багшийн цалин сумын даргын цалингаас бараг хорин таван хувь илүү байсан байдаг. 
 
Сонин баримт байгаа биз. Боловсрол руу тэмүүлсэн цалингийн тогтолцоо гэж энэ л дээ. Тэр үед манай сумаас ердөө хоёрхон хүүхэд долоон жилийн сургууль төгсөх жишээний байсан бол арваад жилийн дараа бага сургууль дүүргэсэн бүх хүүхэд цугаараа долоо ба арван жилийн сургуульд сурч дүүргэдэг болсон байсан.
 
Тэр үеийн боловсролд тэмүүлсэн цалингийн бодлого нь энэчлэн бүх нийтийн боловсролыг дээшлүүлэхэд томоохон түлхэц болсныг эндээс харж болохоор байдаг. Дараа нь удаан жилийн нэмэгдэл гэж таван жил ажилласан бол таван хувь, арван жил ажилласан бол арван хувийн нэмэгдэл олгодог болсон. Тэр нь ажлын туршлага, дадлагыг эрхэмлэсэн цалингийн ухаалаг зохицуулалт мөн байлаа. 
 
Харин одоогийн манай цалингийн тогтолцоо бол огт өөр зүг рүү тэмүүлдэг болоод байна. Энэ бол албан тушаал, эрх мэдэл рүү ухаан жолоогүй уулга алдтал зүтгүүлдэг дарга төвтэй цалингийн тогголцоо. Энэ тухайдаа бол манайд цадигаа алдтал задгайраад байгаа хий хоосон улс төржилтийн амин сүнс, аль болох том дарга болохын төлөө улайрсан бух шиг мөргөлдүүлж, орсон буур шиг ноцолдуулж, өшсөн азрага шиг тулалдуулдаг учраас түүнийг харгис бусармаг цалингийн тогголцоо хэмээн нэрлэмээр байна.
 
Манайд ардчилаагүй үлдсэн дарангуйллын дэглэм гэвэл дарга төвтэй энэхүү цалингийн бурангуй тогтолцоо яалт ч үгүй мөн билээ. Сүүлийн үед албан тушаал, мөнгөний эрх мэдпийг хувийн том аж ахуйн эрх мэдэлтэй гурван давхар хослуулсан олигарх цалингийн тогтолцоо руу тэмүүлэх шинэ хандлага хүчээ авч эхэллээ.
Таксины танихгүй нэгэн жолооч сонирхуулж ийн хуучлав. Манайхны танил нэг эмэгтэй хорооны Засаг дарга хийж байгаа юм.
 
Тэгсэн чинь саяхан нэг залуу “Эгч ээ, та хорооны даргынхаа албыг надад өгчих, би 60 сая төгрөг өгье” гэсэн гэнэ. Тэгэхэд нь тэр эгч 60 сая гэнэ үү, больж үз, тийм юм байхгүй гэлээ" хэмээн өгүүлсэнсэн. Олигархи тогтолцоо гэдэг нь хэчнээн бага зэргэмжийн байлаа ч нэг иймэрхүү үнэ ханштай байдаг бололтой.
 
1964 онд шиг санагдана, манай Намын дээд сургуулийн гавьяат багш У.Камбар маань “Мөнгө санхүүгийн капитал төрийн эрх мэдэлтэй нэгдэхээр олигарх засаглал болдог" гэж байнга сануулдаг байсныг тэр үеийнхэн мэдэж байгаа. Тэр олигарх засаглал нь өнөөдөр сум, баг, хороо, дүүргийн төвшинд хүртэл газар авчихсан байгаагийн жишээ энэчлэн олныг дурдаж болно. Цалин бол улс орны нийгмийн амьдралыг зохицуулагч хамгийн шударга ардчилсан хөшүүрэг байх утга чанараа алдсан нь манай өнөөдрийн энэхүү бэрхшээл хүндрэлийн нэг шалтгаан болсон байж магадгүй. 
 
Харин олзуурхан тэмдэглэмээр нэг шинэ өөрчлөлт гараад хоёр жил боллоо. Юу вэ гэвэл, шүүгч нарын цалинг тусгайлан тогтоосон нь цаашид цалингийн шинэтгэл хийхэд маш чухал баримжаа болон тодорч ирлээ. Одоо төрийн ба төрийн үйлчилгээний ажилтны цалингийн суурь болох дундаж хэмжээг шүүгч нарын жишгээр даруйхан дөрвөөс доошгүй сая төгрөгт хүргэж шинэтгэл хийгээсэй хэмээн хүлээх л үлдлээ.
 
Үүний тулд аж ахуйн нэгжийн татварын тогтолцоог олон үе шаттай дээд тал нь гучаас доошгүй хувьтай болгон шинэтгэх шаардлагатай болно.Ингээд ярихаар манай улс төрийн боловсрол нимгэнтэй, хувийн ахуйтайгаа зууралдсан сэтгэлгээтэй УИХ-ын гишүүдээс эхлээд олон нийтийн зарим “хөөрхөн зураг” харуулдаг омголон зүтгэлтний хөх инээд хүрч, зарим нэг нь муураад унах дөхөх биз.
 
Чингэхлээр сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй болно байх.Сэтгэлгээний шинэтгэл бол миний үзлээр юуны урьд улс төрчдийг Чингис шиг чин шударга, Сүхбаатар шиг чин зоригтой, Цэдэнбал шиг чин үнэнч болгоно гэсэн зүй ёсны шаардлага юм.
 
Ардчилсан цалин, ухаалаг татвар, шударга сэтгэлгээний гэх энэ гурван шинэтгэл бол хажуулдаж хазайсан Монголыг тэгшилж босгох тулгуур гурван багана, тулах гурван цэг, тулгын чулуу, хөгжлийн гурван хаалга байх учиртай. Эдгээр чанарын гурван шинэтгэл, зарчмын гурван өөрчлөлтөөр л ядуурлаас гарна, авилгыг арилгана, цагаачлалыг зогсооно.
 
Ухаалаг өндөр татвараар бэлэнчлэх сэтгэлгээг арилгана, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлнэ, эдийн засгийн хулгайг хориглоно. Үүнээс илүү чухал зорилго гэж Монголд үгүй ээ. Өндөр татвар, цалинд Монголын баячууд дургүй байдаг боловч энэхүү цалин, татвар хоёр нь угтаа өндөр ашиг олохын тулд дэлхийн баячуудын бүтээсэн бүтээл туурвил гэдгийг мартаж болохгүй.
 
Үнэхээр үтэр түргэн сэргэж хөгжье гэвэл юуны өмнө ардчилсан тэгш журамт цалин ба ухаалаг татварын тогтолцоо бий болгох шинэтгэл хийх ёстой, Америк, Япон шиг болъё гэвээс эдгээр орны жишгээр цалин, татварын шинэтгэл хийвээс нэг л мэдэхэд тэднийхэнтэй айл саахалт буучихсан байх боломж бий. Харин эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол Ардын намд ч өнөөдрийнх шиг алтан боломж дахиж олдохгүй ээ.
 
Х.Цэвлээ
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/