sonin.mn
ЛОЗАННА. /Reuters/. АНУ, ОХУ болон бүс нутгийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Сирид нөхцөл байдал муудаж байгааг хэрхэн шийдвэрлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй.
 
Сайд нар Швейцарийн Лозанна хотноо өнгөрсөн амралтын өдөр дөрвөн цаг гаруйн турш хэлэлцээ хийжээ.
Гал зогсоох хэлэлцээрийг сэргээх, Алеппо хотын зүүн хэсгийн оршин суугчдад тусламж хүргэх зэрэг асуудлыг тэд хэлэлцсэн байна. Тус хотыг Сирийн засгийн газрын цэргүүд бүслээд байгаа юм.
 
Уг уулзалтын дараа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу хэлэхдээ “хүмүүнлэгийн тусламж хүргэх тухайд сайд нар санал нэгдсэн хэдий ч ямар ч асуудал шийдэгдсэнгүй” гэв.
 
АНУ болон ОХУ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар Сирийн арми болон босогчид есдүгээр сард байлдахаа зогсоосон юм. Гэсэн хэдий ч уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс ердөө нэг долоо хоногийн дараа байлдааны ажиллагаа дахин эрчимжиж эхэлсэн билээ.
 
Засгийн газрын цэргийн нисэх хүчин Алеппогийн зүүн хэсэгт агаараас цохилт өгсөөр байна. Мөн арми болон сөрөг хүчнийхэн хуурай газарт хэд хэдэн удаа ширүүн тулалдаан хийлээ.
 
Сирид байлдааны ажиллагаа дахин эрчимжсэний бурууг АНУ, ОХУ хоёр бие биедээ тохож байна. 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг