sonin.mn
БЕРЛИН./Dw/. “Samsung” компанийн “Galaxy Note 7” ухаалаг гар утас дэлбэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Герман, Итали, Канад, Австралийн агаарын тээврийн компаниуд уг утсыг нисэх онгоцонд авч орохыг хориглолоо.
 
АНУ-ын Тээврийн яам ийм арга хэмжээ авсны дараа “Air Berlin”, “Lufthansa” компаниуд мөн ийм шийдвэр гаргажээ.
 
“Galaxy Note 7” гар утаснаас гал гарах аюул эрсдэл байсаар байгаа учраас утаснуудыг буцаан татаж байна гэж “Samsung” компани энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Болзошгүй аюулаас сэрэмжлэх үүднээс АНУ-ын Тээврийн яам болон бусад агентлагууд ийм төрлийн гар утсыг  нисэх онгоцонд авч орохыг хориглосон байна.
 
Энэ талаар АНУ-ын Тээврийн сайд Энтони Фокс мэдэгдэхдээ “нисэх онгоцонд уг утсыг авч орохыг хориглосон нь зарим зорчигчдод хүндрэл учруулах боловч хүмүүсийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих ёстой” гэлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг