sonin.mn
ХОНКОНГ. /ВВС/. Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай Хонконгийн амьтны хүрээлэнд үхжээ. Энэ амьтан 38 насалсан байна.
 
“Ocean” паркийн албаны хүмүүсийн хэлснээр, Зя Зя хулсны баавгайн биеийн байдал маш хурдан муудсан тул түүнийг удаан шаналган зовоохгүйн тулд ням гарагт малын эмч түүнд үхлийн тариа хийжээ. Хүнээр бол энэ хулсны баавгай 114 насалсан аж.
 
Хулсны баавгайн дундаж нас 20 орчим жил байдаг гэнэ. Зя Зя хулсны баавгайг “амьтны хүрээлэнгийн хамгийн хөгшин хулсны баавгай” болохыг тогтоон Гиннесийн номонд оруулсан юм.
 
“Зя Зя юм идэж чадахгүй болж, хоёр долоо хоногийн өмнөөс жингээ алдаж эхэлсэн. Ням гарагт түүний биеийн байдал эрс дордож, алхаж ч чадахгүй болсон” гэж паркийн албаны хүмүүс ярилаа.
 
Хонконгийг Хятадад шилжүүлэн өгсний хоёр жилийн ойгоор буюу 1999 онд Хятад улсын Засгийн газар Зя Зя-г Хонконгт бэлэг болгон өгч байжээ.
Тэр үеэс хойш энэ эм хулсны баавгайг харахаар тус паркад 29 сая хүн зочилсон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг