sonin.mn
Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, хөгжлийн  гарц,  боломжийн талаар  ярилцаж, тэдний  сонирхолтой шийдэл,  санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ.
 
Энэ удаагийн зочноор “Глобал Удирдагч сан”-гийн үүсгэн байгуулагч,  Глобал Удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбатыг урьж ярилцлаа.
 
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ  ГАЖУУДЛААС ГАРГАХ ГАРЦ
 
Би 2005 онд “Глобал удирдагч сан”-гаа үүсгэн байгуулсан. Тэр цагаас эхлэн Монголын боловсролын салбарын нэгэн эд эс нь болж явна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголын нийгэм маш хурдтай өөрчлөгдлөө.
 
Хүүхэд залуусын сонирхол өөр болж, дэлхий даяаршин, хавтгай болж байна.  Мөн боловсролын салбарт арай өөр эрэлт хэрэгцээ гарч ирсэн.  Дэлхийд өрсөлдөх төвшний боловсон хүчнийг бэлтгэхгүй бол энэ салбар гажуудсан.  Дээд сургууль төгсчихөөд шатахуун түгээх газар эсвэл дэлгүүрийн лангуу сахиж байна гэсэн шүүмжлэл намайг анх сангаа байгуулж байхад гарч байсан.
 
 Одоо ч байсаар байна.  Би дээд боловсролын салбарын энэ гажуудлыг жаахан ч гэсэн засах үүднээс “Глобал Удирдагч” сангийнхаа хүрээнд  3000 орчим залуусыг  АНУ-д тэтгэлэгтэй суралцуулсан. Тав орчим сая ам.долларын тэтгэлгийн сан бүрдүүлж Монголын ирээдүйд хөрөнгө оруулсан. Бид өнөөдөр яагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролын талаар яриад байна гэхээр дээд боловсролын мөн чанар нь энэ юм шүү дээ. Та дээд боловсрол эзэмшсэн л бол дэлхийн хаана ч ямар ч нэр хүндтэй байгууллагад өндөр цалинтай ажилд орох боломжтой.  Харин бид дээд боловсролыг дотооддоо эзэмшсэн ч энэ боломж хаалттай хэвээр байгаа.
 
 Тэгэхээр дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг эзэмшихийн төлөө гадны орныг зорихоос өөр аргагүй.  Би АНУ-д сургуульд төгсөөд, Австралид мастераа хамгаалж, сая Харвард төгслөө. Отгонбат гэдэг хүн дэлхийн топ сургууль руу тэмүүлсэн. Тэр тэмүүллийнхээ хүчинд хөгжил рүү нэг шат ахиж чадлаа.  Ер нь аливаа хөгжлийн цөм суурь нь боловсрол байдаг. Тиймээс залуустаа зүгээр л дэлхийн хөгжил рүү тэмүүлцгээ гэж хэлмээр байна.  Дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын эх орны хөгжилд оруулах хувь нэмэр олон. Хамгийн наад захын жишээ гэхэд эх орондоо ирээд инноваци үүсгэж байна. 
 
БОЛОВСРОЛЫН САЛБАР ИННОВАЦИ ХИЙХГҮЙГЭЭР МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЯРИХ БОЛОМЖГҮЙ
 
Харвардын их сургууль дэлхийн номер нэг сургууль. Нэг номер гэж бичсэн дээ биш. Тэр сургуулийн бизнесийн ангийг төгссөн хүн жилдээ 100 мянган ам.долларын цалин авч байна. Зөвхөн сургалтын үйл ажиллагаа явуулдаггүй, шинжлэх ухаан, судалгаанд тулгуурласан маш олон инновацийг хийж байна.  Мөн түүхэндээ  20 сая ажлын байрыг бий болгосон.
 
Дөрвөн их наяд долларыг төгсөгчид нь бүтээж чаджээ.  Зөвхөн нэг сургууль гэхэд  Монгол Улсын эдийн засгаас хэд дахин хүчтэй байна.  Тэгэхээр тэр хүчийг бий болгосон зүйл нь мэдлэг боловсрол юм.  Мэдлэгт суурилсан эдийн засаг тийм хүчтэй болгож байна.   Гэтэл манайд мэдлэгт суурилсан эдийн засаг нь хөрсөн доороо л байна. Түүнийг татаж гаргах, ургуулах талаар хэн ч юу ч хийдэггүй. Хатуухан хэлэхэд бид боловсрол, мэдлэгтэй хүнээ дотооддоо ч үйлдвэрлэж чадахгүй байгаа. Монголын номер нэг гэгдэх МУИС энэ жил чансаагаараа дэлхийн нийт сургуулийн жагсаалтын 18 мянга дээр бичигдсэн.  Бид дандаа л хүний юм оруулж ирж зардаг.
 
Өмсч байгаа хувцас, хэрэглэж байгаа гар утас нь хүртэл хүнийх. Хэдэн жил ингэж амьдарлаа. Тэгэхээр боловсролын салбар маань өөрчлөгдөхгүй, өөрөө инноваци хийхгүйгээр мэдлэгт суурилсан эдийн засаг гэж ярихад хэцүү. Аливаа улс оронд эдийн засгийн стратеги байх ёстой. Солонгоруулах бодлого байх хэрэгтэй.  Үүнийг улс төрчид анхаарахгүй, ойлгохгүй байна уу гэж хардаг.
 
НИЙГЭМД IQ-ТАЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ EQ-ТАЙ ХҮН ХЭРЭГТЭЙ БОЛСОН
 
Манай боловсролын онцлог бол нийгэмд удирдагч, манайлагчийг бэлтгэх юм.  Хүн дипломтой, сайхан ажлын байртай байж болно. Гэхдээ хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй, нийгэмд өөрийгөө ойлгуулж чадахгүй байх тохиолдол их байна.  
 
Манлайлал гэдэг нь сайн ярьдаг, мөнгөтэй, дарга хүнийг хэлээд байгаа юм биш. Энэ ойлголт аль хэдийнэ ард хоцорсон. Нийгэмд IQ-тай хүн гэхээсээ илүү EQ-тай хүн хэрэгтэй болчихлоо. Хүнийг анхааралтай сонсож, ойлгож чаддаг, хүний нүд рүү эгц харж чаддаг хүн хэрэгтэй. Зөвхөн өөрөө мөнгө олохын төлөө биш, нийгмийг өөрчлөхийн төлөө явдаг хүмүүс энэ зууны шилдэг манлайлагч болж байна. Гэтэл манай төрийн болон бизнесийн байгууллагууд дээр  одоог хүртэл хуучин агуулгаараа явж байна.
 
Улс төрчид ч гэсэн жинхэнэ байх, хоёр нүүргүй байх гэсэн агуулгаа алдаж  баг өмсөж байна.  Энэ нийгмийг  удирдаж явах хүмүүс багтай байна гэдэг харамсмаар зүйл л дээ.  Хүн нэгдүгээрт, өөрийнхөө амьдралын замналыг ойлгох ёстой.  Түүний дараа өөрийгөө таних, мөн чаддаг зүйлээ олж, зорилгоо тодорхойлох хэрэгтэй байна.  Энэ мэтчилэн  олон зүйлийг зөв тодорхойлж байж хүн манлайлагч болно гэсэн үг.  Гэтэл манайхан хаанаас гарсан хэн бэ гэдэг зүйлээ мартаад байна.  
 
Тухайлбал даргын цүнх барьж гүйж байгаад  нэг албан тушаалд очингуутаа зан нь хувирчихаж байна.  Тэгэхээр хүн өөрийгөө таниагүй, зорилгоо тодорхойлоогүй учраас ангал руу маш амархан унах аюултай.  Энэ нь эргээд манай боловсролын салбарын гажуудлыг харуулаад байгаа юм. Боловсрол мэдлэгт суурилж биш, нам давхарга харж залуусыг ажилд авч байна.  Харамсмаар зүйлийг нэг шүү.
 
 
 
БЛИЦ АНКЕТ
 
БОЛОВСРОЛ:
 
-2000-2003 онд  Америкийн Дикенсоны  Улсын их сургууль Бизнесийн удирдлагаар Бакалавр
 
-2004-2005 онд Австралийн Квинслэнд Их сургууль аялал жуулчлалын менежмэнт чиглэлээр магистр
 
-2015-2016 онд Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль
 
Нийтийн удирдлагын магистр
 
МЭРГЭЖИЛ:
 
-Эдийн засагч, төрийн болон бизнесийн удирдлага
 
АЖЛЫН ТУРШЛАГА: 
 
-2005 оноос-Глобал удирдагч сангийн тэргүүн
 
-2007 оноос Глобал удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга
 
-2009-2012 онд Монголын Мянганы сорилтын сангийн дэд захирал
 
ХЯМРАЛААС ГАРАХ ГАРЦ НЬ МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСАГ ЮМ
 
Монголын өнөөгийн эдийн засгийн хямрал, төрийн хямрал юунаас шалтгаалж байна вэ.  Энэ асуултад хүмүүс “төрд нэг муу хүн гарч ирснээс болж байна” гэж хариулах нь бий.   Ер нь бол үгүй л дээ.
 
Энд тогтолцоо ярих нь зүйтэй.  Монголын эдийн засгийн 80-90 хувь нь одоогоор уул уурхайн салбараас хамаарч байна. 2015 онд гаргасан экспортын багцыг харахад бид нүүрс, зэс л гаргажээ. Энэ нь бидэнд эрсдэлийг авчирдаг. Дэлхийн зах зээлд зэс 8000 ам.доллар байснаа 4000 болохоор манай эдийн засаг давхар савлаж эхэлдэг. Гэтэл Японы  жишээг харахад  хэдэн мянган төрлийн техник технологи үйлдвэрлэж байна.  Түүнийх нь үнэ ханш хэзээ ч унадаггүй, цаг хугацаатай хөл нийлүүлэн хөгжиж байна.  
 
Тэгэхээр бид эдийн засгийн хүрээнд тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.  Зөвхөн уул уурхайд найдах цаг өнгөрчээ гэдгийг шат шатны хүмүүс ойлгоосой.  Уул уурхайгаас татгалзаж  мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх цаг болсон. Тэгвэл бид хэзээ ч эдийн засгийн савлагаанд өртөхгүй дархлаатай болно. Мэдлэг боловсролоороо баялаг бүтээдэг гурван сая хүн бидэнд хэрэгтэй. Мөн Монголын залуус боловсролынхоо төвшингөөр хязгаарлагдахгүй,  дэлхийн хаана ч очоод ажиллачихдаг, гэр лүүгээ сар бүр валют явуулчихдаг байхад бид алзахгүй.
 
Тэгэхээр мэдлэгээрээ сайхан амьдардаг нийгмийг яаж бий болгох вэ гэдэг нь одоогоор нийгмийн гол түлхүүр асуулт болоод байна.  Болдог бол энэ асуудал руу төрийн бодлого, бизнесийнхний зорилгыг чиглүүлмээр байна.   Би Глобал удирдагч дээд сургууль, “Шинэ зуун” ахлах сургуулийг боловсролын салбарт удирдан чиглүүлж байна.  Алсын хараа нь Монголыг уул уурхайд биш мэдлэгт суурилсан эдийн засагт хүргэх юм. 
 
ХЯТАД УЛС ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР БИДНИЙГ “ЭЗЭЛЖ” БАЙНА
 
Англи хэл сургаж, яагаад гадаадад боловсрол эзэмшүүлэх гээд байна гэхээр хүн төрөлхтөн маш хурдан өөрчлөгдөж байна.  Энэ явцад англи хэл сураагүйдээ хоцрогдох аюул бий болж байна.  Өнөөдөр дэлхий ертөнцөд  юу болж байна гэдгийг мэдэхгүй “Би монгол хүн, агуу гүрэн” гээд л суугаад байвал утгагүй. Агуу гэдгээ мэдэхийн тулд эхлээд гадаадтай танилцаж тэндээс харьцуулалт хийх нь мөн чанарыг хувьд чухал юм.
 
Мөн манай улс Орос, Хятад хоёр том гүрний дунд оршиж байна.  Хятад байлдааны биш эдийн засгийн аргаар биднийг “эзэлж” байна.   Тэгэхээр бидэнд өрсөлдөх чадвар хэрэгтэй.  Өнөөдөр Сингапур гэдэг жижиг улс Хятадын дунд яаж оршин тогтноод байна гэхээр тэд асар өндөр боловсролтой байж чаддаг. Мэдлэгт суурилсан эдийн засагтай болж чадсан. Тэдэнд хэн ч халдаж чадахгүй болж байна. Тэгэхээр бид ч гэсэн мэдлэгт суурилсан боловсрол руу анхаарахгүй бол “эзлэгдэх” аюулд хүрч байна.  
 
Би дахин хэлье. Чанартай боловсролыг бий болгохыг төлөө бүхнээ хийх хэрэгтэй байна.  Боловсролын  чанарыг төгсөгчдийнх нь ажлын байр, өрсөлдөх чадвар, авч байгаа цалингийнх нь хэмжээгээр тодорхойлдог.  Манай боловсролын байдал ямар байгаа билээ, чанартай нэг ч төгсөгч гаргаж чадахгүй байна.  Судалгаагаа ч сайн гаргаж чадахгүй байна шүү дээ.  Мөн Монгол Улс яг ямар салбараар хөгжих вэ гэдэг нь тодорхойгүй байна.  Уул уурхай, хөдөө ахуй, аялал жуулчлал яг аль нь юм бэ.
 
ХЭРЭВ БИ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН БОЛ...
 
Миний хийж байгаа зүйл хэдэн мянган хүний амьдралыг эерэгээр өөрчилж чадаж байна гэдэг хүний амьдралын утга учир юм. Энэ талаар би их боддог.  Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын оронд байсан  бол техник технологийн томоохон үйлдвэрлэлийг эх орондоо “урих” байсан.  
 
Технологийн салбарт хэзээ ч үнээ алдахгүй байна.   Iphono утас нэг тонн нүүрснээс бараг үнэтэй боллоо.  IBM, “Аpple”  гээд компаниудыг  Монголд ирвэл татвараас нь чөлөөлж өгөөд, монгол хүнийг ажилд авах шаардлага тавина.   Ингэж бид дэлхийг урих ёстой.  Технологийн компани нь ороод ирэхлээр тэнд хэдэн  мянган монгол залуус ажилтай болно, технологийг нь сурч эхэлнэ.  
 
Түүний дараа бид өөрсдийнхөө брэндийн  компьютерийг хийнэ.  Ингэж  дэлхийг урихгүйгээр дэлхийн Монгол Улс болно гэдэг хэцүү юм.  Бид өнөөдөр Монголдоо, монголоороо л сэтгээд байвал энэ сэтгэлгээрээ л байна.  Тэгэхээр бид яаж  дэлхийд гарах вэ гэдгийн гарц нь дэлхийг урих, дэлхийгээс суралцах юм.  Чингис хаан ч гэсэн тийм байсан биз дээ. Тэр хэсэгхэн газрыг эзлээд зогсоогүй. Дотогшоогоо харсан биш, гадагшаа сэтгэж байсан гэдгийг нь түүх өгүүлдэг.  
 
Тэр дэлхийд глобалчлал гэдэг зүйлийг бий болгосон.  Бид түүхэндээ энэ бүхнийг бүтээж чадсан хэрнээ өнөөдөр хэт их дотогшоогоо харсан, өөрсдийгөө шүтсэн, жалга довны үзлээр хуваагдсан байдалтай боллоо. Уг нь бидний дундаас нэг л  хүн төрөөд дэлхийд гараад “Аpple” шиг компанийн эзэн болгох хэмжээний боловсролтой манлайлагч удирдагч болгож чадах юм бол Монгол Улс хөгжлөө.
 
Сэтгүүлч Т.Батсайхан
Гэрэл зургийг Д.Батбаатар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин