sonin.mn
Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Станд бай” хөтөлбөр Монголын эдийн засгийн хүндрэлийг улам бүр даамжруулах магадлалтай гэдгийг Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн мэдээлэв.
 
Тэрбээр, “Стандбай” хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд татвар нэмэгдэж, төсвийн ажилтны цалин, тэтгэвэр, тэтгэмж буурдаг. Мөн улсын төсвөөс санхүүждэг нийгмийн шинж чанартай бүх төсөл, хөтөлбөр зогсдог. Тиймээс энэ нь ард түмний эсэргүүцэл, бослого, тэмцэл дагуулах магадлалтай. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэл В3 буюу эдийн засгийн өндөр эрсдэлтэй, эмзэг гэсэн бүлэгт багтаж байна. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдаас зээл авна гэдэг бараг боломжгүй.
 
Төрийн өндөрлөгүүд БНХАУ-аас 4.2 тэрбум ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа гэсэн яриа тархсан. Энэ мөнгийг аж үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Харин өөрсдийн цалин, томилолтод зарцуулбал өнөөгийн хүндрэл гамшгийн хэмжээнд хүрнэ.
 
МАН сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй гэж байсан. Гэвч 8 төрлийн татвар нэмэх асуудал яригдаж байгаад УИХ-аас буцсан. Энэ нь орон нутгийн сонгуулийн дүнг өөрсдийн талд эргүүлэх улс төрийн шалтгаантай юм. Одоо сонгуулийн дараа дахин яригдаж ч мэднэ” гэв.
 
УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар оюутнуудын төлбөрийн зээл, Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх, ХСҮТ-д элэг шилжүүлэх хагалгааны 14 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлснээс өөр дорвитой ажил хийсэнгүй хэмээн МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэллээ.
Тэрбээр, МАН сонгуульд орохдоо мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амалсан.
 
Гэтэл яруу найрагч, авто механикч, Алдарт уяач, математикийн багш зэрэг хүмүүс Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. “Давхар дээл”-ээс татгалзана гэж байсан. Одоо 8 гишүүн “давхар дээл”-тэй байна. Сонгуулийн дараа томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд бүгд УИХ-ын гишүүдтэй төрлийн холбоотой байна. Тиймээс өөрсдийн мөрийн хөтөлбөрөөс ухарсан бүх үйл ажиллагаагаа зогсоож, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг