sonin.mn
Богдын Засгийн газрын үеэс эхлэлтэй Налайхын уурхай  эдүгээ 101 нас хүрээд байна. Монголын ууган уурхайн  талаар Налайх дүүргийн  Засаг даргын Тамгын газрын дарга О.Манарбектэй ярилцлаа.
 
-Өнөөдрийн байдлаар Налайхын уурхайд ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн хэд нь зөвшөөрөлтэй вэ?
 
-Налайх дүүргийн 1700 га нь уурхайн эдэлбэр газар юм. Эл уурхайд 32 аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Харин хайгуулын тусгай зөвшөөрөлтэй  67 компани бий. Хамгийн том эдэлбэр буюу 150 га-г “Цагаан шонхор” компани эзэмшдэг. Бичил уурхайчид одоогийн байдлаар 132 ам ашиглаж буй бөгөөд 0.4-0.7, дээд тал нь 4 га газар эзэмшиж байна. Уурхайн хэмжээнд 867 орчим хүн ажилладаг.
 
- Налайхын уурхай жилд хичнээн тонн нүүрс олборлож байна. Налайхчууд нүүрснээсээ жилд хичнээн төгрөгийн орлого олдог вэ?
 
-Уурхайн хэмжээнд жилдээ дунджаар 600 мянган тонн нүүрс олборлож байна гэсэн судалгааг бид гаргасан. Таван тонн нүүрсийг 300 мянган төгрөгөөр тооцвол жилд 30 тэрбум гаруй төгрөгийг Налайхчууд нүүрснээс  олж байна гэсэн үг. Өвлийн ид хүйтэнд 1400 орчим хүн Налайхын уурхайгаас амьдралаа залгуулж байна.
 
-Хамгийн их хүний амь эрсддэг уурхай бол “Налайх” юм. Хүн эрсдэх явдал буурсан уу. Орон нутгийн Засаг захиргаа үүнд хэр анхаарал тавьж ажиллав?
 
-  Хувийн амуудад хүний амь эрсдэх явдал их гардаг. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн ЗДТГ-аас 2012 онд 3 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл уурхайг хаах шийдвэр гаргасан. Цагийн дулаанд газар гэсч, бэхэлгээний шавар нурах, уурхайчин хүчилтөрөгчийн дутагдалд орох аюулаас сэргийлэх үүднээс дээрх арга хэмжээг авч ажилласнаар хүний амь эрсдэх явдал эрс багассан.
 
Тухайлбал 2012  онд 21 хүн амь насаа алдаж байсан бол энэ оны байдлаар 17 хүнээр буурсан. Ер нь бол амиа алдаж буй хүмүүсийн 100 хувь нь өөр аймгуудаас ирсэн иргэд байдаг. Тэдний амь эрсдэх явдал нь  аюулгүйн ажиллагааг мэддэггүйтэй холбоотой. Нутгийн хүмүүсийн хувьд эндэж осолдох явдал гараагүй. Тэд багаасаа уурхайд ажилласан болохоор аваар гаргах нь ховор.  Мөн ЗДТГ-аас Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран бичил уурхайчдад “Бэхэлгээ хэрхэн хийх вэ” гээд цуврал сургалтыг зохион байгуулсан.  
 
-Сүүлийн 10 жилд Налайхын уурхайд хичнээн хүн амиа алдав?
 
- Налайхын нүүрсний уурхайд өмнө нь жилд 25-30 хүн нас бардаг байсан. Энэ тоог бууруулсан. Сүүлийн 10 жилд 120 гаруй хүн амиа алдсан гэсэн тоо бий. Цагийн дулаанд уурхайг хаах шийдвэр гаргасан ч зарим хүмүүс журам зөрчин шөнө дөлөөр ажилласнаас болж  2016 онд 4 хүн нас барсан.
 
-Бичил уурхайчид нэгдэж  компани байгуулснаар осол эндэгдэл буурахаас эхлээд олон талын өгөөжтэй. Тэд нэгдэж болдоггүй юм уу?  
 
-Эхнээсээ нэгдэж байна. 4 амд ажилладаг уурхайчид нэгдэхээр бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. Яагаад вэ гэхээр уурхайн жижиг амуудын хувьд өнгөн дээрх нүүрс олборлолт дуусах шатандаа явж байгаа. Тиймээс гүн рүүгээ орохын тулд техник, технологи шаардлагатай. Наад зах нь бэхэлгээ хийх техник авахын тулд 57 сая төгрөг зарцуулах учраас бичил уурхайчид нэгдэхээс өөр аргагүйд хүрч байна.
 
 -Ингэхэд Налайхын уурхайд хэдэн жилийн нөөц үлдээд байна?
 
- Ойролцоогоор 70 жил ашиглах боломжтой гэсэн судалгаа  бий.
 
-“Алтыг нь аваад авдрыг нь үлдээдэг” жишиг уул уурхайн салбарт түгээмэл. Налайхын уурхайд нөхөн сэргээлт хэр хийж байна?
 
-Хаалт хийх компани, аж ахуйн нэгж, бичил уурхайчид дүүргийн ЗДТГ-ын дансанд 5-7 сая төгрөг байршуулдаг болсон. Энэ мөнгийг нөхөн сэргээлт хийснийхээ дараа авах боломжтой.
 
 - “Цагаан шонхор” компани яагаад үйл ажиллагаагаа эхлэхгүй байгаа юм бэ?
 
-Тус компани гүний уурхайгаар жилд 300-400 мянган тонн нүүрс олборлоно гэсэн ТЭЗҮ гаргасан. Нийт 150 га-гаас 50-70 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй.  “Цагаан шонхор”-ын өмнөх компани улсад газар ашиглах төлбөрөө төлөөгүй юм билээ. Нийт нэг тэрбум төгрөг төлөөд үйл ажиллагаагаа явуул гэсэн акт гарсан бөгөөд “Цагаан шонхор” компани өмнөх төлбөрийг  бид төлөхгүй гэсэн учир олборлолт хийхгүй зогссон.
 
- Налайх нүүрсээ дуусах үед амьжиргаагаа юугаар залгуулахаа тодорхойлсон уу?
 
- Налайх 35 мянган хүн амтай. Байгалийн нөөц шавхагдахад юу эрхлэх вэ гэсэн дүр зураг гарсан. Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөгөөр Налайхад Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парк байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд тоосгоны 32 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Налайхын хөгжлийг авч явах нэг хөшүүрэг нь эко аялал жуулчлалын бүс болох явдал юм.
 
Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг