sonin.mn
НҮБ. /NHK/. Энэ сарын эхээр хүчтэй хар салхинд нэрвэгдсэн Гаити улсад тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дахин уриаллаа.
 
“Мэтью” хар салхины улмаас 500 гаруй иргэдээ алдсан Карибын тэнгис дэх арлын энэ улсад НҮБ-ын тэргүүн очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсад 1.4 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна. Мөн холер буюу булчин задрах тахлын халдвар газар авах эрсдэл бий болжээ.
Байгалийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн баруун өмнөд нутгийн Ле-Ке хотын нэгэн сургуулийн хичээлийн байранд толгой хоргодож буй хүмүүстэй Бан Ги Мүн бямба гарагт уулзаж ярилцжээ.
 
Тэрбээр хэлэхдээ “НҮБ Гаитигийн ард түмэнтэй хамт байна. Та бүхэнд туслахын тулд НҮБ боломжтой бүх арга хэмжээг авна” гэлээ.
Өлсч, цангасан 100 орчим хүн бямба гарагт НҮБ-ын тусламжийн цуваа руу дайрсан байна. Хүмүүсийг тараахын тулд цагдаа нар болон НҮБ-ын энхийг сахиулагчид нулимс асгаруулагч хий цацжээ.
 
Гамшигт өртсөн хүмүүсийг ирэх гурван сарын хугацаанд хүнс хоол, ундны усаар хангах, холерын тархалтыг дарахад шаардлагатай байгаа 120 сая долларын ердөө гурван хувь нь л бүрдээд байна гэж НҮБ мэдэгдэв.
 
Гаитигийн хямралыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг ач холбогдол өгөхгүй байгаад харамсч байгаагаа НҮБ-ын тэргүүн илэрхийлээд “олон улсын хамтын нийгэмлэг Гаитигийн ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг