sonin.mn
ТОКИО. /Asahi/. Японд нэгэн гадаадын дадлагажигч ажилчин хэт их ачаалалтай ажилласны улмаас нас барсан тохиолдол анх удаа гарсантай холбоотойгоор тус улсын хууль тогтоогчид гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
 
2014 онд нас барсан, 27 настай Филиппиний иргэн сард 78.5-122.5 цаг илүү ажилладаг байсан байна. Тэрбээр хэт их ачаалалтай ажилласны улмаас нас барсан гэж Японы Хөдөлмөрийн яамны харьяа Гифү мужийн Хөдөлмөрийн стандартын хяналтын газар наймдугаар сард мэдэгджээ.
2011 оноос хойш цуглуулсан мэдээллээс үзэхэд ийм тохиолдол Японд анх удаа гарчээ.
 
Жоуи Точнанг гэдэг филиппин залуу 2014 оны дөрөвдүгээр сард Гифү мужид байрлах компанийн байрандаа зүрх нь хаагдаж нас барсан байна.
Тэрбээр эхнэр, хүүхдээ тэжээхийн тулд 2011 онд Японд ирж, Гифү мужийн төмөр хийцийн компанид ажилд оржээ. Тэрбээр ган тасалж, хайлсан металл цутгадаг хэвийг химийн бодисоор бүрэх ажил хийдэг байсан байна. Ингэж ажиллаад тэрбээр цалингийн доод хэмжээтэй тэнцэх мөнгө авч, түүнийхээ ихэнхийг нь Филиппинд байгаа гэр бүлдээ явуулдаг байжээ.
 
Хөдөлмөрийн стандартын хяналтын газар, тэрбээр хэт их ачаалалтай ажилласнаас болж нас барсан гэсэн дүгнэлт гаргаж, нөхөн төлбөр авахад шаардлагатай баримт бичгүүдийг гэр бүлийнхэнд нь илгээсэн байна. 
 
Нас барсан залуугийн эхнэр нь нөхөн төлбөр нэхэмжлэхийн тулд гэрлэлтийн баталгаа болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг