sonin.mn
Өнөөдөр "ЗГ-ын 100 хоног: МАН-д улс төрийн хариуцлага хүлээлгэе!" сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн хурал хийлээ. 
Өнгөрсөн 100 хоногт хүнд хэцүү байдалтай байгаа Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар МАН нэг ч бодитой ажил амжуулсангүй, мэргэжлийн нэг ч алхам хийсэнгүй гэж тэд дүгнэв. Харин ард иргэдийн аж амьдралд эерэг ач холбогдолтой байсан бүх хөтөлбөр халамжийг бүгдийг нь цуцлах хаах, гагцхүү харгис үйл ажиллагаа л явуулж ирлээ. "Сонгуульд үнэмлэхүй ялж төрийн эрхийг дангаар авсан бид яасан ч яадаг юм, ингэлээ гээд биднийг яах ч үгүй" гэсэн сэтгэлгээгээр хандаж, аюултай нууц олон алхмуудыг харин хийх болсон. Жишээ нь, Өмнөговь аймгийг барьцаанд тавьсан гэж яригдаад байгаа, Хятадаас авах 13 хувийн хүүтэй, 4,2 тэрбум долларын маш нууц зээлийн тухай нийгмийг эзэмдсэн шуугиан. Учир иймд, дураар дургиж, дунд чөмгөөр жиргэн, Монгол улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний оршихуйд ноцтой аюул занал учруулах болсон МАН-д улс төрийн хариуцлага хүлээлгэж, ард түмний сануулгыг өгч, МАН-ын нэр дэвшигчдэд саналаа өгөхгүй байхыг эх оронч ТББ-ууд уриаллаа.
Хуралд "Монгол хүн монгол хүндээ туслая" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр, "Хохирогчдын нэгдсэн холбоо" ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг, Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар, "Глоб хамтын ажиллагаа"-ын тэргүүн А.Алтантуяа нар үг хэлэв. ЗГ-ын 100 хоногтой холбоотой хоёр хэвлэлийн хурлын үеэр тог тасалсан тул мотор асааж, прожекторын гэрэлд хэвлэлийн хурлаа хийхэд хүрлээ.