sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдсан Ардчилсан Нам өнөөдрийг хүртэл учраа олж, даргаа сонгох нь бүү хэл намынхаа Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаа ч хуралдуулж чадахгүй байгаа билээ. Үүний цаана   Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг,  УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд болон МҮДН фракцийнхны сонирхол байгаа нь нууц биш бөгөөд тэд  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нарын аль нэгийг буюу өөрсдийн фракцийнхнаас АН-ын дараагийн даргыг сонгох хүсэлтэй байгаа.Тэр бүү хэл УИХ дахь АН-ын бүлгийг ч тэд удирдаж буй бөгөөд УИХ-ын экс гишүүдээс бүрдсэн  зөвлөхүүдийн зөвлөл гэгчийг хүртэл байгуулсан.  Гэсэн хэдий ч АН-ын жирийн гишүүд, хөдөө орон нутаг дахь салбар хороодын удирдлагын байр суурь, уур амьсгалаас дүгнэхэд  УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг,  Эдийн Засгийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр тэргүүтэн хүссэнээ хийж,  дураараа намын даргаа сонгох боломж тун бага болсон аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талынхан ч фракцийн тохиролцоог эвдэж,  Ардчилсан намын их хурлаар   намын даргыг сонгох чиглэлийг эрчимтэй баримталж байгаа юм байна. Тэр бүү хэл АН-ын шинэ удирдлагын марафонд нэр дэвшигчид ч эхний байдлаар тодорхой болж буй гэнэ. АН-ын даргад  УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг,  АН-ын ЕНБДаргад  Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан П.Цагаан,  УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар нэр дэвшин, өрсөлдөх бололтой. Харин З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын фракцаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч тодрохоор ярилцаж буй аж. 
 
Э.Мягмар