sonin.mn
“Монголбанк", “Тэнхлэг зууч” компанитай хамтран  9 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн тооцооллыг танилцууллаа.
 
 Энэ удаагийн судалгаанд шинэ, хуучин 4 929 орон сууцны үнийг хамруулжээ. Есдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурчээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороололд өнгөрсөн оны 9 дүгээр сард 1 м2 дундаж үнэ 2 сая 16 мянган төгрөг байсан бол 2016 оны мөн сард 1 сая 788 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.

Шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ нь өнгөрсөн сард 2 сая 36 мянган төгрөг болж наймдугаар сараас 0.3 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар буурсан байна. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага үнэтэй байгаа аж.
 Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ  9 дүгээр сарын байдлаар 76 сая 414 мянган төгрөг болж, өмнөх сараас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 13.9 хувиар буурчээ.
Дашрамд дурдахад амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ.
 
Б.Заяа 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг