sonin.mn
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.  
 
Энэ хүрээнд  Москва хотын  “Лотте плаза”-д Монгол Улсын урлагийн мастеруудын концерт болон “Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг толилуулав. Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Б.Дэлгэрмаа нээж, үг хэлсэн юм.  Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол-Оросын дипломат харилцаанд соёл хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
 
Хоёр орны соёлын хамтын ажиллагаа нь эрт дээр үеэс улс хоорондын харилцааны чухал хэлбэр байсаар ирсэн бөгөөд соёл иргэншлийн харилцан ойлголцол, үндэстэн хоорондын итгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний соёлыг харилцан баяжуулж, хөгжүүлэхэд түлхэц болдог ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн тэрбээр тоглолт зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн БСШУС-ын сайд Ж.Батсуурь, “Шилмэл загвар” төвийн захирал Ч.Оюунцэцэг, дизайнер Б.Дулам нар уран бүтээлчдийнхээ хамтаар өөрсдийн зардлаар хүрэлцэн ирж оролцож байгаад гүн талархал илэрхийлэв.
 
Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Соёлын дэд сайд А.В.Журавский оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Баярын концертод Монгол Улсын БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоор ахлуулсан УДБЭТ-ын жүжигчид, төгөлдөр хуурч, МУГЖ Б.Солонго, МУГЖ дуучин Б.Сарантуяа нарын Монголын нэр хүндтэй уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын их, дээд сургуулиудын реакторууд, соёл, шинжлэх ухаан, бизнес, улстөрийн хүрээнийхэн оролцлоо гэж БСШУСЯ-наас мэдээллээ. 
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг