sonin.mn
Засгийн газрын 100 хоног тохиож буйтай холбогдуулан МАХН-ын  гишүүд, эрдэмтэн судлаачид өчигдөр  хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ.  
 
МАХН-ын зөвлөх Ц.Шаравдорж хууль эрх зүйн,  тус намын дэргэдэх эрдэмтэн судлаачдын зөвлөлийн тэргүүн, доктор А.Даваасүрэн  эдийн засгийн, Нарийн бичгийн дарга Н.Удвал нийгмийн чиглэлээр  тус, тус мэдээлэл хийж, намынхаа байр суурийг хүргэсэн юм.
 
“МАН-ын эдийн засгийн талаарх амлалтууд хэрхэн хэрэгжиж буйг доктор А.Даваасүрэн  эдийн засгийг  тэлэх биш  агшаахад чиглэж байна  гэж дүгнэлээ. Н.Удвал нийгмийн чиглэлд эрх баригчдын баримталж буй бодлого, амлалт биелэлт байнга зөрчигдөж буйг хэллээ.  Шийдвэр гаргах төвшин дэх бодлого, чиглэл,  хууль эрх зүйн талаар   МАХН-ын зөвлөх, хуульч Ц.Шаравдоржтой ярилцсанаа хүргэе. 
 
-МАН, түүний байгуулсан Засгийн газрын  ажиллагаанд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд үнэлэлт дүгнэлт өгч байна. МАХН ямар байр суурьтай байна вэ?
 
- 2016 оны сонгуульд олонхийн санал авч, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа МАН,  “Мэргэжлийн”  Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ гэдэг нь Монголын ард түмний хувь заяаны  бас  хөгжлийн асуудал. Мөн монгол цааш хэрхэн яаж явах вэ гэдэг асуудал юм. Тийм учраас Засгийн газрын 100 хоног тохиож буй энэ өдөр монголчууд бүгдээрээ анхаарч харж байгаа. Ажиглалт, дүгнэлт, байр сууриудаа эхнээсээ илэрхийлж байна.  
 
МАХН   ч мөн адил   үүнд анхаарал хандуулж, хийж буй ажил, амласан амлалтыг нь харьцуулж  дүн шинжилгээ хийж байна. Бид гагцхүү энэ Засгийн газраас бодитой ажлыг харж байгаа. Харамсалтай нь шийдвэр гаргах төвшинд хэд гурван ажлыг Засгийн газрын хуралдаанаар шийдсэнээс биш дорвитой хийсэн ажлыг бид эрээд эрээд олохгүй байна. Үнэнийг хэлэхэд, 4-5-хан зүйлийг л шийдвэр гаргах  төвшинд хийжээ гэж хэлж болох юм. Оюутны хөгжлийн зээл олгох харилцааг зохицуулсан журмыг баталсан, гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд сургуульд суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
 
Боловсролын зээлийн санг байгуулж, түүгээр дамжуулан оюутны хөгжлийн зээл олгох ажлыг арилжааны банк зохион байгуулахаар болсон. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ авсан, ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай 14 нэр төрлийн хагалгааны тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон гэсэн энэ л хэдэн зүйлийг хэлэхээс биш цааш бодитой зүйлийг бид олж харахгүй байна.
 
-Сонгуулийн амлалтаа хэр биелүүлж байна гэж үзэж байна вэ?
 
-2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас мөрийн хөтөлбөр болгож амласан зүйлүүдэд шүүмжлэлтэй хандах юм цөөнгүй байна. Ер нь МАН-ын УИХ-ын сонгуульд оролцохдоо амласан амлалтад сонгогчид,  ард иргэд үнэхээр итгэсэн. Мөрийн хөтөлбөрөө, амлалтаа биелүүлэхийг хэн хүнгүй харж байгаа. Тухайлбал, сонгогчдын саналыг авсан нэг томоохон амлалт бол “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн. “Мэргэжлийн” Засгийн газар гэдэг өмнөх Засгийн газруудын эрээвэр хураавар мэргэжлийн хүмүүс  засгийн эрхэнд гарч хийх ажил нь тодорхойгүй байдаг муу зуршлаас ангижрах юм байна гэж сонгогчид итгэсэн.
 
Гэтэл  яруу найрагч, автын механикч, Морин спортын холбооны нарийн бичгийн дарга, алдарт уяач, Хуулийн их сургуулийн оройн ангийг дөнгөж сая төгссөн, “Монгол тамхи со” компанийн захирал, математикийн багш гэх мэт хүмүүс  Засгийн газрын гишүүн, сайдын  албан тушаалд очиж  байна. Өнөөдөр Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал туйлын хүнд байгаа. Энд гагцхүү санхүү, эдийн засгийн өндөр мэргэжилтэй хүн төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл автын механик хүн тэнд суугаад төрийн санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлно гэдэг харамсалтай. Давхар дээлнээс татгалзана гэж МАН амласан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын найман гишүүн давхар дээлтэй байна.
 
-Төрийн албыг тогтвортой байлгана  гэсэн МАН-ын  амлалтад  ямар дүн тавьж байна?
 
-Төрийн албыг тогтвортой байлгана, Төрийн албаны дархлааны тухай хуулийг санаачлан зохион байгуулна гэсэн нь  амлалт үнэхээр чухал амлалт байсан. Төрийн алба тогтворгүй байдлаас болж, нэг Засгийн газраас нөгөө нь ажил авахад одоо яах билээ гэсэн түгшүүр, айдас төрийн албан хаагчдын дунд бий болсон. Энэ байдлыг халах юм байна гэж зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй Монголын нийгэм харж, төр тогтвортой байх нэг үндэс гэж үзэж байсан.
 
Гэтэл өнөөдөр бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг сэгсэрч байна. Жишээ нь, төрийн албыг төрлийн алба болгохгүй байх тухай асуудал олон нийтийн дунд их ярьж байна. Энэ амлалтыг ч МАН авсан. Гэтэл өнөөдөр бидний авсан мэдээллээр төрийн өндөр албан тушаалд ажиллах 31 хүний хувьд  гэхэд л бүгд ураг  төрлийн холбоотой байна.
 
Хүү нь, төрөл садан нь, эхнэрийнх нь дүү, хүргэн, нөхөр, гэр бүлийн найзууд, бүр тодорхой хэлэх юм бол Монголын морин спорт уяачдын холбооны олон хүн төрийн албанд очсон байгаа. Ийм байдлаар төрлийн алба жинхэнэ байдлаар бий боллоо. Дэд сайдын албан тушаалыг өмнөх Засгийн газар байлгаагүй. Гэтэл одоогийн Засгийн газар бий болгож, үүнд зориулсан төсөв хөрөнгөд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байгаа. Ийм байдлаар Засгийн газрын үйл ажиллагаа эхэлж байна.
 
-Хуульч хүний хувьд та хууль зүйн талаас ямар зүйлүүдийг анхаарч харж байна?
 
-Засгийн газар  үйл ажиллагаа эхлээд шийд­вэрлэсэн нэг асуудал нь Эрүүгийн болон Зөрчлийн хууль, үүний хүрээнд дагаж мөрдөх хэд хэдэн хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулсан. Эрүүгийн хуулийн шинэчлэл чухал хууль байсан, ялангуяа ялын бодлогыг тодорхойлоход. Энд нэг зүйлийг ний нуугүй хэлэхэд, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүйн тулд Эрүүгийн хуулийн үйлчлэх хугацааг бүтэн жилээр хойшлуулсан.
 
Гэтэл үүний цаана Эрүүгийн хуулийн үйлчлэх хугацаатай холбоотой хувь заяагаа шийдүүлэх, хорих газар ял шийтгэл хүлээгээд байгаа хүмүүсийг ирээсэй гэсэн олон мянган хүний эрх  зөрчигдсөн.Иймээс өнөөгийн төрийн бодлого харалган байна. Зөвхөн өөрсдийн дараа, дараачийн албан тушаалыг бодож байна. Тиймээс энэ хуулийг хойшлуулсан. Би хуульч хүний хувьд Эрүүгийн   хуулийг хойшлуулах ямар ч үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. 2015 оны хоёрдугаар сард батлагдсан хуулийг энэ Засгийн газар хэрэгжих бэлтгэлийг хангах бүрэн боломжтой байсан.
 
Гэтэл боломжгүй гэсэн, хоёрдугаарт хуулийг ёсчлоогүй гэсэн. “Төрийн мэдээлэл” сэтгүүлд  хэвлээгүй  учраас гэж тайлбарласан. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байсны хувьд хэлэхэд, энэ бол хэдхэн минутын л ажил шүү дээ. Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлье гэсэн бол, нүдээ чилтэл харуулдаж хүлээж байгаа ард иргэдээ гэсэн сэтгэл байсан бол хуулийг есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөөд, шинэчлэл нь ч бас явагдаад, үүнтэй холбоотой олон хүний хүсэн хүлээж байсан хүлээлт биелэх байсан.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин