sonin.mn
САНАА. /ВВС/. Зэвсэгт мөргөлдөөнд автсан Йемен улсад энэ долоо хоногийн пүрэв гарагаас  эхлэн 72 цагийн хугацаагаар гал зогсооно гэж НҮБ-ын тусгай төлөөлөгч мэдэгдлээ.
 
Исмаил Ульд Шейх Ахмед хэлэхдээ “Йемений сөргөлдөгч бүх тал гал зогсоохыг дэмжихээ батлан мэдэгдсэн” гэв.
 
Нийслэл Санаа хотыг хяналтдаа аваад байгаа “Хусит” бүлэглэлийн босогчидтой Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн цэргүүд тулалдсаар байгаа юм.
Энэ сарын эхээр Санаа хотод оршуулгын ёслолд оролцож байсан хүмүүс рүү Саудын Арави тэргүүтэй цэргийн эвсэл агаараас дайрч, 140 хүний аминд хүрсний дараа олон улс даяар Йемений асуудлыг онцгойлон анхаарах болсон юм. Үүний дүнд гал зогсоохоор болсон тухай НҮБ-ын төлөөлөгч Ахмед мэдэгдлээ.
 
Саудын Аравийн албаны хүмүүс хэлэхдээ “хуситуудын толгойлогчдод цохилт өгөх гэж байсан ч тагнуулын ташаа мэдээллийн улмаас буруу газрыг онилон цохилт өгсөн байсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хугацаанд иргэний дайны хөлд 7000 орчим хүн нэрвэгдэн амь үрэгдэж, 35 мянган хүн шархдан, гурван сая орчим хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрчээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг