sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Мосул хотыг чөлөөлөхийн тулд цэргийн ажиллагаа явуулж буй Иракийн армид Америкийн зэвсэгт хүчин дэмжлэг үзүүлнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Уг ажиллагаа хүнд ярвигтай байх бөгөөд цаг хугацаа их шаардана гэж яам үзэж байна.
 
Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэллээ гэж Иракийн Засгийн газар мэдэгдсэний дараа Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петер Күүк мэдэгдэл хийжээ.
Тэрбээр хэлэхдээ “Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа хүнд нөхцөлд өрнөж, цаг хугацаа их шаардана гэж бид дүгнэж байна. Эхний өдрийн байдлаар Иракийн зэвсэгт хүчин тавьсан зорилтоо биелүүлж, хуваарийн дагуу ажиллагааг явуулж байна” гэлээ.
 
Иракийн цэргүүд болон Курдын "Пешмерга" бүлэглэлийн дайчид ажиллагаа эхэлсэн эхний өдөр Мосул хотын ойр орчимд цохилт өгчээ. АНУ-ын цэргийнхэн Иракийн цэргүүдийг бэлтгэх санал тавьсан бөгөөд 5000 орчим америк цэргийг Ирак руу илгээсэн байна.
 
"Америкийн ихэнх цэргүүд фронтын шугамаас зайтай газарт байрлаж байгаа. Уг цэргийн ажиллагааг Иракийн тал удирдан явуулах бөгөөд америкчууд дэмжлэг үзүүлнэ" гэж Күүк мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг