sonin.mn
АМСТЕРДАМ. /ВВС/. Нидерландаас Хятад улсад суугаа Элчин сайд Рон Келлер хятад бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон гэх мэдээллийн мөрөөр түүнийг байцаан шалгаж эхэлжээ.
 
Нидерландын ГХЯ мэдэгдэхдээ “хэргийг мөрдөн шалгаж байгаа учир Р.Келлерийг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлээд байна” гэв.
Турк болон ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч Р.Келлер 2015 оны 12 дугаар сард Бээжинд Элчин сайдаар томилогдон очсон юм.
Нидерландын “De Telegraaf” сонинд даваа гарагт мэдээлснээр, тэдний харилцаа саяхнаас ил болжээ.
 
Р.Келлертэй нэр холбогдсон хятад эмэгтэй Нидерландын ЭСЯ-нд ажилладаг байсан аж.
Хятадын Засгийн газрын тагнуул байх магадлалтай тул нутгийн иргэн эмэгтэйчүүдтэй холбогдохгүй байхыг Хятадад суугаа гадаадын дипломатчдад  байнга зөвлөдөг байна.
 
Ноён Р.Келлер одоо Нидерландад байгаа аж. Түүнийг Бээжин рүү буцаахгүй бололтой.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг