sonin.mn
ЛИМА. /ВВС/. Перугийн өмнөд нутгийн нэгэн голд 10 мянга орчим мэлхий үхсэн байсан нь ямар шалтгаантай болохыг тус улсын Байгаль орчны агентлаг шалгаж байна.
 
“Coata” гэдэг гол бохирдсоны улмаас мэлхийнүүд үхсэн байх магадлалтай гэж шалгалтын баг таамаглаж байгаа аж.
Тухайн бүс нутагт бохир ус зайлуулах байгууламж барина гэсэн амлалтаа Засгийн газар биелүүлээгүй гэж багийн гишүүд мөн мэдэгдсэн байна.
Титикака усны мэлхий нь Перу болон Боливийн нутаг дахь зөвхөн цэнгэг нуур, тэдгээрийн цутгалд амьдардаг, нэн ховордсон амьтны төрөл зүйл юм.
 
Перугийн эрх баригчид бохирдлын асуудлыг шийдэх арга хэмжээ аваагүй гэж “Coata” голын бохирдолтой тэмцэх хороо “AFP” агентлагт мэдэгджээ.
Тус хорооны идэвхтнүүд үхсэн 100 мэлхийг бүс нутгийн нийслэл Пуно хотын төв талбайд авчирсан байна.
 
“Би эдгээр үхсэн мэлхийг энд авчирсан. Эрх баригчид бид хэрхэн амьдарч байгааг ухаарахгүй байна. Бохирдол гэж юу болохыг тэд мэдэхгүй. Нөхцөл байдал улам дордож байна” гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагч Маружа Инкүилла ярилаа.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг