sonin.mn

ТҮҮХИЙН ХУУДАСНАА


Дэлхийн хөрсөн бүрхэвчинд мөнгөн ус маш ховор элемент. Мөнгөн ус нь ихэвчлэн халуун рашаан, галт уулсын бүсэд орших нь түгээмэл. 1558 оноос эхлэн мөнгөн усыг ашиглаж хүдрээс мөнгийг ялгаж авах шинэ нээлт хийгдсэнээр Испани, Америкийн колониудад чухал нээлт болсон түүхтэй. МЭӨ 1500 оны үед Египетийн булшнуудаас мөнгөн ус олдож байжээ. Хятад болон Төвдөд мөнгөн усны хэрэглээ нь амьдралыг уртасгаж, эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагааг хамгаалахад ашиг тустай хэмээн үздэг байж.


Эртний египет болон Ромд гоо сайхны зориулалтаар ашигладаг байсан. 2500 жилийн өмнөөс 19-р зууныг хүртэл Almaden (Spain) Mohte amiata (Italy) байдаг уурхайнууд мөнгөн усны үйлдвэрлэлээр тэргүүлдэг байсан. 1563 оноос 1800 он хүртэл Мөнгөн усны орд газар Перуд, Huancavellica бүсэд 100000 тн- оос илүү олборлогдсон. Хүдрээс мөнгө гарган авах, алхам хийх үйл ажиллагаа эрчимтэй байсан бөгөөд үүнд их хэмжээний мөнгөн ус шаарддаг байв. Итали, АНУ, Мексикийн уурхайнууд дэлхийн зах зээлийг мөнгөн усаар хангадаг байсан ч дууссан, эсвэл Словен, Испани мөнгөн усны үнийг унагаснаас үйл ажиллагаагаа зогсоосон гэж үздэг. АНУ-д Nevedas Мс- Dermiff сүүлчийн уурхай 1922 онд хаалгаа барьсан. 2005 онд Хятад болон Киркизэд мөнгөн усны үйлдвэрлэл тэргүүлж байв.


МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭ


1550 оноос Африкт алт угаах зориулалтаар мөнгөн усыг анх ашиглаж эхэлсэнээс хойш дэлхийн улс орнуудад нийт 300 мянган тонн орчим мөнгөн ус ашиглажээ гэсэн тооцоо бий. Минимата өвчин илэрсэн 1960-аад оноос дэлхийн бараг бүх оронд алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиар хориглосон юм. Мөнгөн усны гол үйлдвэрлэгч орон нь Испани байлаа. Европын Холбооны Улсууд нутаг дэвсгэр дээрээ мөнгөн ус хэрэглэх үйлдвэрлэхийг хорьсон учир тэргүүлэгч орон нь БНХАУ болоод байна. 1980-аад онд дэлхийн мөнгөн усны нийт хэрэглээ 7100 тн байсан бол 2001 оноос 1800 тн болж эрс буурчээ.


Мөнгөн усыг замбараагүй уул уурхайд хэрэглэдэг орнуудыг Бразил тэргүүлдэг. Тэндэхийн “нинжанууд" жилд 150-170 тн мөнгөн ус хэрэглэж байна гэж ярьдаг. Анх 1910 оноос “Монголор” хэмээх Орос-Хятадын хамтарсан компани Сэлэнгийн сав газар алт олзворлохдоо мөнгөн ус хэрэглэж байсан гэдэг. Мөнгөн усыг алт худалдан авагчид Хятадаас их хэмжээгээр хууль бусаар оруулан ирж борлуулж байна. Гар аргаар алт угаах үед мөнгөн усыг ямар ч хяналтгүй хэрэглэдэг. Хувиараа алт олборлогсод 200 гаруй грамм алт олзворлохын тулд 400 гр мөнгөн ус дунджаар хэрэглэдэг гэвэл Монгол нутагт алт угааж буй нийт 100 гаруй мянган нинжа нар тонн тонноор нь мөнгөн ус хэрэглэж байгаа тооцоо гарна.



2012 ОНД 50 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛАХААР ТООЦООЛЖЭЭ


Өдгөө дэлхийн хэмжээнд 3000-3900 тонн мөнгөн усыг үйлдвэрлэлд хэрэглэж, үүний гуравны нэг нь агаарт цацагдаж байна. Жил бүр 3500 тонн мөнгөн ус үйлдвэрлэгдэж, багагүй хэсэг нь хараа хяналтаас гадуур хэрэглээнд нэвтэрч буй. Иймээс ч дэлхий нийт мөнгөн усыг хэрэглээнээс шахах бодлого баримталж байна. Тухайлбал, мөнгөн усны хэрэглээг 2012 онд 50, 2017 онд 70 хувь хүртэл бууруулахаар тооцоолжээ. Ингэхдээ 2015 он гэхэд мөнгөн ус ашигладаг бүх технологийг халах саналыг олон улс орон гаргаж байгаа ажээ. Агаар мандалд агуулагдаж байгаа мөнгөн усны тал хувь байгаль, жишээ нь галт уул зэргээс, тал хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Цементийн үйлдвэрлэл 6.4%, Мөнгөн усны үйлдвэрлэл , баттерей -1.1%, бусад эх үүсвэр - 2.0%, Төмөрлөг биш металл жишээ нь: Жонш - 6.8%, Хортой хог хаягдал - 3.0%, Алт олборлолт - 11%, Идэмхий натри - 3%, Гангийн үйлдвэрлэл - 1.4%, Шатаах процесс - 6.5%.


МӨНГӨН УСНЫ ХОР НӨЛӨӨ


Мөнгөн ус нь агаарт 0.25 мг/мЗ гэсэн хэмжээтэй байх үед уушгинд хуримтлагдаж эхэлдэг бол үүнээс илүү гараад ирэх үед хүний арьсаар дамжин биед шингэж эхэлдэг.


Амьсгалын замаар мөнгөн усанд хордсон үед шинж тэмдэг нь 8-24 цагийн дараа илэрнэ. Бие сульдаж, толгой өвдөх, залгихад хөндүүрлэх, халуурах, ринит, фарингит, цөөн тохиолдолд бронхит илэрнэ. Үүний дараанаас, хоолны дуршил үгүй болно, аманд төмөр амтагдана, шүлс асгарна, буйл хавдаж цус шүүрнэ, толгой өвдөнө, бөөлжүүлнэ. Буйл өвчин орно, амны хөндийд үрэвсэлт өөрчлөлт гарна, гэдсээр өвдүүлж, ходоод хямарч, бөөр гэмтсэн шинж тэмдэг илэрнэ. Хүүхдэд мөнгөн усны уураар амьсгалсанаас хэдхэн цагийн дараанаас эхлэн ханиалгах, амьсгал давчдах, царай хөхрөх, огцом халуурах зэргээр хурц хатгаа үүсч болно. Хүнд хордлогын үед уушигны хаван үүсч болзошгүй. Үүнтэй зэрэгцэн ойр ойрхон шингэнээр гүйлгэх г.м. ходоод гэдэсний зам гэмтэсний шинж тэмдэгээс гадна хэт хөөрлийн байдалд үе үе орохтой зэрэгцэн нойрмоглох зэрэг төв мэдрэлийн систем гэмтэсний шинж тэмдэг илэрч болно. Цочмог хордлогын шинжүүд хэдэн цагийн дотор илэрдэг ба чичрэх, төмөр амтагдах, ам өвдөх, буйл хавдаж хөөх, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хатгуулах, суулгах, толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, амьсгаадах, ханиах, цээжээр хатгуулах мөн цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгаа, бөөрний үрэвслийн шинжүүд илэрнэ.


Яваандаа сэтгэл хөдлөлийн үед хурууны үзүүр улам бүр хүчтэй чичирдэг болно. Ингэхдээ эхлээд гарын хуруу чичирдэг байснаа, хөлийн хуруу чичирдэг болж цаашлаад уруул, зовхи таталддаг болно. Цаашлаад, гэдэс эвгүйрэн хүндээр бие засуулах гэх, ойр ойрхон шээс хүрэх, үнэрлэх чадвар буурах, арьсны мэдрэх чадвар сулрах, амт мэдрэх чадвар буурна.


КОМПЬЮТЕРИЙН LCD ДЭЛГЭЦҮҮД МӨНГӨН УСЫГ ИХЭЭР ШИНГЭЭДЭГ

 


Мөнгөн устай шууд харьцдаг хүмүүс, жишээлбэл гар аргаар алт олборлогчид буюу тэдгээрийн гэр бүлийнхэн хамгийн түрүүнд мөнгөн усны аюулд өртдөг. Мөн мөнгөн усаар бохирдсон газар нутагт амьдарч буй хүмүүс. Цаашилбал байгаль орчин, хөрс, ус, агаар, хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний бохирдолоос хамааран бараг хүн бүхэн их бага хэмжээтээр мөнгөн усанд хордох аюул нүүрлээд байгаад санаа зовнихгүй байхын аргагүй.


Жишээ нь, вакцины тогтворжуулагч болгон хэрэглэдэг байсан этилмөнгөн уснаас болж нярай хүүхдүүд эхээс төрөөд удаагүй байхдаа л өндөр тунгаар хордож оюун ухааны хомсдолтой болох, шүдэндээ мөнгөн устай амальгаман ломбо тавиулсан хүмүүс байнгын хордлоготой байсаар нас нь богиносох, мөнгөн усаар хийсэн батарейнаас уг бодис асгарах, эсвэл хогтой хамт шатан агаарт дэгдэх, түүхий нүүрс, нефтинд агуулагдах мөнгөн ус агаар дахь мөнгөн усны бохирдлын гол эх үүсвэр болох, эрдэс түүхий эдийн агуулгатай гэгдэх косметик, ялангуяа цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний гол үйлчлэгч бодис нь мөнгөн ус байжээ. Гар утас, компьютерийн LCD буюу шингэн кристалл дэлгэцүүд мөнгөн усыг ихээр шингээдэг юм байна гэхчилэн эрдэмтэд судалгаа шинжилгээгээрээ мөнгөн усны аюул бидэнд улам бүр ойртоод байгааг сануулсаар байна. Тиймээс аажим хордуулж, таныг болон үр удам, ирээдүйг тань хөнөөж байдаг мөнгөн усны талаар наад захын мэдлэг таньд хэрэгтэй.


Д.Батмөнх
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”