sonin.mn
Монгол Улс “Хөдөө аж ахуй, хөдөөгийн статистикийг боловсронгуй болгох олон улсын стратеги” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази Номхон далайн бүсийн байгуулагын дэмжлэгээр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Энэ тухай  Статистикийн үндэсний хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.
 
-Хөдөө аж ахуй, хөдөөгийн статистикийг боловсронгуй болгоход НҮБ-тай хамтран ажиллах гол шалтгаан нь юу байв?
 
- Монгол Улс НҮБ-ын Статистикийн комисстой хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай статистикийн чиглэлээр 20 гаруй жил хамтран ажиллаж байна. Энэ удаад тус байгууллагаас манай улсын хөдөө аж ахуйн салбарын статистикийн мэдээллийн цуглуулалт, боловсруулалтад үнэлгээ өгч, мэдээллийг боловсронгуй болгох зорилгоор “Хөдөө аж ахуй, хөдөөгийн статистикийг боловсронгуй болгох олон улсын стратеги” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм.
 
НҮБ-ын Статистикийн комиссоос 2009 онд хөдөө аж ахуйд стратеги байх ёстой хэмээн эл хөтөлбөрийг санаачилж,  2010 оны 41 дүгээр чуулганаар Хүнс хөдөө аж ахуйн үндсэн мэдээллийн багцыг баталсан. Мөн үеэр хөдөө аж ахуйн салбартынхан нэг тооны хэлээр ярих ёстой гэдэгт Ази Номхон далайн бүс нутгууд нэгдсэн юм. 
 
Нэгдсэн мэдээллийн багцыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлттэй семинараар эхэллээ. Олон оронд энэ хөтөлбөр хэрэгжиж буй бөгөөд манайх  16 дахь улс нь болж байна. Дэлхийн хүн амын 60 орчим хувь нь Ази Номхон далайн бүс нутагт оршдог төдийгүй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Тиймээс бид хөдөөгийн статистикийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзээд нэгдсэн мэдээллийг баазыг бий болгохоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази Номхон далайн бүсийн байгуулагатай хамтарч байгаа юм.
 
-Эдийн засгийн салбарын хөгжлийг түргэтгэх салбар нь хөдөө аж ахуй юм. Суурь тоог зөв гаргаж байж улс орон хөгжинө. Монгол Улсад хөдөө аж ахуйн статистикийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд ямар ажил өрнүүлэх гэж байна?
 
-Яг үнэн. Аливаа салбарт бодлого боловсруулахад суурь тоо чухал. Суурь тоог зөв өгч чадвал улс орныг авч явах бодлого зөв гарна.
ҮСХ албан ёсны мэдээлэл гаргадагаараа онцлогтой. Аль мэдээллийг албан ёсны эх сурвалжтай вэ гэдгийг хүмүүс чухалчилах ёстой. 2010 онд НҮБ-тай хамтран “Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн мэдээллийг цуглуулах нь”  төслийг хэрэгжүүлсэн.
 
Уг төслийн хүрээнд  2012 онд хөдөө аж ахуйн улсын анхдугаар тооллогыг явуулсан. Төслөөр  уламжлалт мал тооллогоос гадна хөдөө аж ахуйн салбарт хэрэглэж буй тоног төхөөрөмжүүд, малчдын ахуй амьдрал гээд багц мэдээллийг цуглуулсан. Ерөнхийдөө дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нь бэлэн гэсэн үг. Ирэх 12 дугаар сард ээлжит мал тооллогыг явуулна. Хүнс хөдөө аж ахуйн яаманд хяналтын тооллогыг хамт хийх  хүсэлтийг хүргүүлээд байна.Аливаа зүйлийг хийхэд  маргааш нь бүрэн шинэчлэгдэхгүй. Суурь мэдээлэл нь байгаа болохоор бид үүнд нэлээн ач холбогдол өгч ажиллана.
 
-Малыг багцаалж тоолох, малчид банкнаас зээл авахын тулд малынхаа тоог өсгөдөг гээд үнэн тоо гарахгүй байна хэмээн хүмүүс шүүмжилдэг. Энэ тухайд?
 
- Бид кинон дээр гардаг шиг малаа хашаад нэг нэгээр нь тоолдог л болмоор байгаа юм. Үүн шиг тоолж байж л үнэн зөв мэдээлэл гарна. Худлаа тоолоод байх юм бол улсын хэмжээнд тоо буруу гарч бодлого маань алдаатай болж хувирна. Нөгөөтэйгүүр тооллого хийж буй хүний ёс зүйн асуудлыг хөндөх шаардлагатай. Ажилдаа хариуцлагатай хандаад малаа сайн тоолвол улс орны эдийн засагт үр шимээ өгнө гэдгийг тухайн хүн бодох ёстой. Мөн мал тооллогыг улам боловсронгуй болгох, шинэ үеийн дэвшилтэт технологи ашиглах, олон улсын стандартуудыг нэвтрүүлэхэд төрийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна. 
 
- Улсын хэмжээнд нийт ажиллагсадын хичнээн хувь нь  Хүнс хөдөө аж ахуйн салбарт байна вэ?
 
- 2015 оны байдлаар нийт ажил эрхлэгчдийн 28.4  хувийг хөдөө аж ахуйн салбарынхан эзэлж байна. ДНБ-ийн 13.4 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарынх гэсэн тоо баримт бий.
 
-Таны хувьд ҮСХ-г удирдаад удаагүй байна. Бодлогын хувьд ямар шинэчлэл хийхээр зорьж байна?
 
-ҮСХ 92 жилийн түүхтэй байгууллага. Олон жил ажиллаж, мэргэшсэн боловсон хүчинтэй гэдгээрээ онцлогтой. Шинэчлэл гэхээсээ илүү гаргасан  мэдээллийг иргэдэд  ойлгомжтойгоор хүргэхэд анхаарч ажиллана. Мөн олон улсын стандарт болон шинэ техник, технологиудыг нэвтрүүлэхээр зорьж байна.
 
 Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг