sonin.mn
Гадаад харилцааны яам сэтгүүлчидтэй хийдэг ээлжит “Мэдээллийн цаг” уулзалтаа өнөөдөр тус яамны “Зөвшилцөл” танхимд хийлээ. Энэ үеэр Засгийн газрын 100 хоногийн хүрээнд уг яамнаас зохион байгуулсан голлох ажлаас нэрлэв.
 
Уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Консулын газрын дарга Я.Ариунболд нарын албаны хүмүүс оролцсон юм. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын эхэнд Гадаад харилцааны яам Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа гэдгээ хэлээд өнгөрсөн хугацааны үр дүн бүхий ажлуудаас ийн танилцуулав.
 
Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнгөрөгч 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны зэрэгцээ хөдөө аж ахуй, барилгын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Эдгээр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой. 
 
Түүнчлэн дэлхийн санхүүгийн байдал нөхцөлд Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хятадын талаас туслалцаа дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийллээ. Айлчлалын үеэр хятадын талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ерөнхий боловсролын 3 сургууль байгуулах, Баянхонгор-Байдрагийн гүүрний 129 км автозам, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам”-ын төслүүд болон Монгол Улсын Засгийн газрын 38 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өрийг чөлөөлөх зэрэг 15 баримт бичигт гарын үсэг зурлаа.
 
“Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг батална
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр “Монгол Улс, ОХУ-ын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, харилцааны асуудлаар санал солилцов. Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж хэрэгжүүлэхээр тохиролцов. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Владивосток хотноо 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулсан Дорнын эдийн засгийн форумд оролцож холбогдох албаныхантай уулзав.
 
Төрийн тэргүүн Куба Улсад айлчлав
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 15-18-нд Куба Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгчийн  энэхүү айлчлал нь Куба Улсад хагас зуун жилийн дараа хийгдэж байгаагаараа онцлог юм. 
 
Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбарын хамтын ажиллагаа чухалүүрэггүйцэтгэж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэхээр боллоо. Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцов
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч  9 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон чуулганы үеэр болсон дээд, өндөр түвшний арга хэмжээнд оролцов. Чуулганы үеэр Гадаад харилцааны сайд 20 гаруй сайд болон олон улсын зарим байгууллагын удирдлагатай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах тодорхой асуудлаар ярилцан санал солилцов. 
 
БНСУ-тай байгуулсан “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх алхам тавигдлаа
 
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд “Ухаалаг боловсрол төсөл”, “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний 2 дахь шатны төсөл” хэрэгжүүлэх, “2016-2019 онд соёлын солилцоо явуулах, соёлын өвийн салбарт хамтран ажиллах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн чухал баримт бичгүүдийг байгууллаа.
 
Канад Улстай “хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав
 
УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнгөрөгч 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, харилцааны түвшинг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх талаар ярилцав. 
 
Уг айлчлалын үеэр талууд “Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Уг санамж бичиг байгуулснаар Канадын Засгийн газраас энэ оноос манай улсад хэрэгжүүлж эхлээд буй 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийн эрх зүйн үндэс тавигдаж буйгаараа чухал ач холбогдолтой болов. Мөн Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр /FIPA/-ийн төслийг өнгөрсөн сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дараа өдөр нь хоёр тал гарын үсэг зурав. 
 
Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохиролцов
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай албан ёсны хэлэлцээ хийв. Айлчлалаар “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохиролцов. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхав. Мөн “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцов.
 
Хоёр дахь компакт гэрээг эхлүүлнэ
 
АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлын бэлтгэл ажил урагштай явж байна. Тухайлбал, асуудлыг өнгөрсөн 8 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав. Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын түвшинд МКС-ын удирдлагуудтай хэд хэдэн уулзалт хийсэн. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгож, хэрэгжүүлж эхлэх асуудлыг урагшлуулсан. Эл асуудлаар ЗГХЭГ, Хууль зүйн яам болон америкийн талтай холбоотой ажиллаж, нэгдсэн ойлголтод хүрээд байна.
 
“LEAD Mongolia” төсөл хэрэгжиж эхэллээ
 
АНУ-ын тусламжаар 2,5 сая ам.долларын өртөг бүхий “LEAD Mongolia” төслийг хэрэгжүүлж эхлэв. Уг төсөл 2 жилийн туршид хэрэгжих бөгөөд 25-40 насны нийт 90 залуус хамрагдаж, эдгээрийн 30 нь АНУ-д ирэх онд 3 долоо хоногийн турш солилцооны хөтөлбөрт хамрагдана. Төсөл байгаль орчин ба хотжилт, ажилгүйдэл ба ядуурлыг бууруулах, ил тод байдал ба авилгатай тэмцэх зэрэг үндсэн салбар, чиглэлд хэрэгжинэ.
 
Түлэнхийн төвийн барилгын санхүүжилт шийдэгдэв
 
Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангаас олгох 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг гүйцээн барих тухай асуудлыг Эрүүл мэндийн яамтай хамтран 8 дугаар сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, асуудлыг шийдвэрлүүлэв.
 
Польш Улс 50 сая еврогийн зээл олгоно
 
Польш Улстай Засгийн газар хооронд 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээрийг тохиролцож ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, "Гадаад харилцаанд хоёр хөршөө тэргүүлэх чиглэлээ болгож ажиллаж байна. Удаад нь өрнө дорно өндөр хөгжилтэй орнуудтай гурав дахь хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байх болно" гэв. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг