sonin.mn
БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг тус улсын Цагаачлалын албанаас зохион байгуулж буй.
 
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлсэн аж. Аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрөгч 8 дугаар сарын байдлаар нийт 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо буцаж ирээд буй. 
Тус улс анх уг аяныг энэ оны 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай зарласан. Дараа нь энэхүү шийдвэрээ эргэн харж, энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байна. 
 
Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх гэнэ. Иймд манай иргэд энэхүү “Өршөөлийн хууль”-иар олгогдож байгаа боломжийг судалж үзэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөлөө.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг