sonin.mn
УИХ-ын Намрын ээлжит чуулганы завсарлагын хугацаа өнөөдөр буюу энэ сарын 18-нд дуусч байна. 
 
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Намрын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамж гаргасан. УИХ дахь МАН болон АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны Төсвийн тухай хуулийн төслийг иргэд олон нийтэд тайлбарлан таниулж санал хүсэлтийг нь сонсох зорилгоор ийн завсарлуулсан. Мөн завсарлагын хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг УИХ-ын төсвийн байнгын хороонд даалгасан юм.
 
Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа ч маргааш буюу 19-нд Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр таарч улс даяар амрах учир УИХ 20-ноос хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 
 
Харин баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн өмчийн болон өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-д мэдээлэл хийнэ. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг