sonin.mn
Дарханы 16 давхар байрны цахилгааны шитүүд шатаж, зургаан хүн угаартсан хэргийн галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 
 
Тодруулбал энэ сарын 17-ны 23 цагийн орчимд тус байрны 1 дүгээр давхрын цахилгааны ерөнхий шит, 2-р давхрын цахилгааны шит болон 8-16-р давхар хүртэл цахилгааны шит шатаж, 8-р давхраас дээш их хэмжээний утаажилт үүссэн байжээ. Улмаар гал унтраах тасаг 8-р давхар хүртэл 80 м-т байлдааны тархалтыг хийж, цахилгааныг салгуулан гал унтраах ажиллагааг, аврах ажиллагаатай хослуулан явуулсан байна.
 
16 давхар байрны 6-12 давхар хүртэл орц утаажилттай, 13-16 хүртэл их хэмжээний утаажилттай байсан тул нийт 300 орчин иргэдийг аварч аюулгүй бүсэд гаргах, цонх нээлхийг онгойлгож, утааг зайлуулан агааржуулах зэргээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулжээ.
 
Угаартсан байх магадлалтай 13 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн ба 6 иргэнд хордлого тайлах эмчилгээ хийлгэж, биеийн байдал сайжирсан байна. Хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн иргэдийн дунд 9, 11 сартай хүүхдүүд, 17-33 насны хүмүүс байжээ.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг