sonin.mn
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай ярилцлаа.
 
-Аймагтаа хийж буй бүтээн байгуулалтын талаар ярилцлагаа эхэлье юу?
 
-2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ, Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд гурван сар гаруй болж байна. Энэ жилийн хувьд 2016 оны аймгийн ИТХ-аар баталсан аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөтөлбөрт тусгасан үйл ажиллагаа хэрэгжиж байгаа.
 
Мөн өнгөрсөн оны жилийн эцсээр баталсан төсөвт төлөвлөгөө бүхэлдээ энэ үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, бодлого, зорилтод чиглэсэн байсан учраас шинээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй.
 
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд орон нутгийнхаа төсвөөр, сум, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр, бусад хандивлагчдаас авсан зээл тусламжаар нэлээдгүй бүтээн байгуулалтыг хийсэн. Тухайлбал, амьдрах орчноо тодорхой хэмжээгээр сайжруулаад сайхан болгожээ. Гэхдээ үүнтэй давхар явах ёстой иргэдээ ажилтай, орлоготой байлгах, тэдний амьжиргааны хамгийн наад захын эх үүсвэрийг хангах бодлого, үйл ажиллагаа хаягдсан. Бидний гол зорилго бол жижиг, дунд үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой болгож хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсыг тэргүүлэх таван аймгийн нэг болно гэсэн байдлаар мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн зорилгыг тодорхойлсон. Энэ үйл ажиллагааны хүрээнд бэлтгэл ажил хийж байна.
 
-Цаашид хий­хээр төлөвлөж бай­гаа ажлуудаасаа сонирхуулаач?
 
-Ирэх онд манай аймагт хамгийн их хийх ажил бол бүтээн байгуулалтын шинж чанартай гэхээс илүүтэйгээр жижиг, дунд үйлдвэрлэлийг олноор барина. Тэнд ажил­лах хүмүүсээ сон­гон шалгаруулж, дад­ла­гажуулж туршлагажуулна. Улмаар Баянхонгор аймгийн төвд “Ажилсаг төв”-өөр дамжуулж зорил­тот зах зээлд чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэнэ.
 
Түүнийг тоног төхөөрөмжөөр хангах, бизнесийг нь зах зээлд гарахад нь төрийн зүгээс нэгдсэн бодлого зохион байгуулалтаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн том бодлогын хүрээнд ажиллаж байна. Ирэх жилээс 2000-аас доошгүй байнгын ажлын байрыг бий болгоно гэж тооцож байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг 10 гаруй жил ярилаа. Гэсэн ч болж өгөхгүй буруу яваад байна.
 
-Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа зүйл юу байна?
 
-Төрөөс тодорхой хэм­жээний дэмжлэг туслалцаа авч төсөл, хөтөлбөрт хамрагдаад хэрэгжүүлж байгаа ч зах зээлд удаан хугацаагаар оршин тогтнож чадахгүй, бизнес нь өргөжин тэлэхгүй аясаараа явж байгаад уналтын байдалд орж дампуурдаг. Юун жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх нь байтугай авсан зээлээ төлж чадахгүйд хүрэх асуудал нэлээд гарч байгаа учраас үүний цаад шалтгааныг нь олох хэрэгтэй. Ингэснээр арай өөр төвшинд өөр бодлого, зорилгоор үүнийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Бид ямар ч судалгаагүйгээр хэн нэгний бичиж ирсэн төслийг харанхуйгаар дэмждэг байлаа.
 
-Тэгвэл одоо яаж ажиллана гэж?
 
-Нэгдүгээрт, аймгийнхаа хүний болон бараа түүхий эдийнхээ нөөцийн судалгааг хийж байна. Энэ хоёр судалгаан дээр үндэслээд бид яг ямар бүтээгдэхүүн хийж чадаж байна вэ. Тэр нь хэчнээн хэмжээтэй үйлдвэрлэгдэх ёстой юм гэдэг зах зээлийнхээ иж бүрэн судалгааг хийнэ. Энэ судалгаанд үндэслээд жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ зураглалыг гаргаж авахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, аль суманд ямар жижиг, дунд үйлдвэр байгуулаад хөгжүүлээд, дэмжээд явбал нэгийгээ татаж унагаачихгүй байх вэ. Хэтэрхий олон бол ашигтай гээд бүх хүн тэр бизнес рүү орчихвол дампуурна. Тэгэхээр төрийн бодлого, зохицуулалттайгаар жижиг, дунд үйлдвэр­лэлийн­хээ салбарыг ту­хайн шаардлагатай байгаа газруудад нь бий болгоё.
 
Хоёрдугаарт, орон нутаг өөрийнхөө зах зээ­­лийг хамгаалах тухай асуудал. Өнөөдөр манай аймагт ганцхан талхан дээр жишээ хэлэхэд Улаанбаатараас авахгүйгээр амттай, чанартай талхыг Баянхонгорт үйлдвэрлэж байна.Гэсэн хэдий ч манай бизнес эрхлэгчид нийслэлээс бусад үйлдвэрийн олон төрлийн талх, нарийн боовыг авчраад илүү хямд өртгөөр зарж байна. Тэгэхээр орон нутагт байгаа үйлдвэрүүд тэр өрсөлдөөн дунд тэсч үлдэхэд бэрх байгаа учраас бид өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнийг хэрэглэгчдэд яаж хүргэх вэ гэдэг чухал. Үүнд олон арга хэрэглэж болно.
 
-Аймаг, орон нутгийнхаа онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг үү?
 
-Гадны бараа бүтээг­дэхүүнийг татаж аймгийн зах зээлд борлуулж байгаа иргэдэд орон нутгийн зах зээл ашигласан лангууны төлбөр эсвэл өөр аймгаас үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх замаар гаргаж болно. Бид үүнээсээ сонгож давхар өөрийнхөө зах зээлийг хамгаалсан, үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бодлого явуул­на. Ингэснээр өөрийн зах зээлд чө­лөө­тэй худалдагдаж, борлогдоод явбал тэр бизнес улам өргөжиж байр сууриа олно. Энэ суларсан орон зайд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхээр зорьж байна.
 
-Өнөөдөр Баянхонгор аймагт жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа хэчнээн аж ахуйн нэгж, байгууллага байна вэ?
 
-Манай аймагт жижиг, дунд бизнес, үйлдвэр эрхэлж байгаа 80-аад аж ахуйн нэгж бий. Үүнд барилгын материал, талх, нарийн боов, арьс шир, түүхий эдлэлд ч байна. Гэхдээ эд нар маань тэр бүр хөдөлмөрийн багтаамжтай буюу ажиллах хүч ихээр шаардагддаг тийм орон зай эзэлж чадахгүй хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас өсч, хөгжихгүй нэг байрандаа л байгаад байна.
 
Тиймээс тэднийг томруулах шаардлагатай байна. Үйл ажиллагааг нь бусад зах зээлээс оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдтэй ижил төвшинд аваачих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад олон давхар ажил хүлээгдэж байгаа. Ингэвэл өнөөдөр бид аймгийнхаа иргэдийн хэрэгцээг өөрийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээр хангаж чадвал энэ нь хангалттай боломж, ирээдүй харагдаж байгаа юм. Үүнд түлхүү анхаарч ажиллана.
 
-Баянхонгор аймгийн хэдэн хувийг залуучууд эзэлж байна вэ. Тэдний хэд нь ажилтай байна?
 
-Манай аймгийн нийт хүн амын 60 гаруй хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Тэдний ихэнх нь хөдөлмөр эрхэлдэггүй, боломж ч алга байна. Ажил хийе гэвч төрийн зүгээс тавьж байгаа шаардлага нь залуучуудыг ажил хийхэд саад болж байна.
 
Тухайлбал, төрийн байгууллагад сонгон шалгаруулалтаар ажилд ороход төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байна гэдэг хязгаарлалт байгаа нь өнөөдөр сургууль төгсч ирсэн хүн хаана ажиллаж энэ болзлыг хангасан байх вэ. Ийм зүйл залуучуудыг ажилтай болоход нь саад болж байна. Ийм хаалтуудыг бид авч хаях ёстой. Нөгөө талаасаа шаардлага хангаагүй их, дээд сургуулиудад арав төгссөн, сэтгэлийн хөөрлөөр заавал сургуультай болно. Эцэг эх нь ч гэсэн хүүхдээ сургуультай болгочихьё гээд их, дээд сургууль төгсч ирсэн залуучууд төрийн албаны ч юм уу тухайн ажил санал болгосон ажил олгогч нарын шаардлагыг хангахгүй байна.
 
Тиймээс ажилд ороод 1-2 сарын дараа ажлаас халагдах байдал түгээмэл гардаг. Хотод сургууль төгсч ирсэн залуучууд ихэвчлэн лангуун дээр сууж байна. Нөгөө хэсэг нь хувиараа ашигт малтмал олборлодог. Манай аймагт ажилгүйчүүдийн тоог статистик дүнгээр авч үзвэл бага гардаг. Гэтэл ачир дээрээ ажилгүй залуучууд их байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн бирж дээр очиж ажилгүй гэж бүртгүүлдэггүй.
 
Тэгсэн хэрнээ амьдралаа болгоод байдаг. Өөрөөр хэлбэл, албан бус секторт хөдөлмөр эрхэлж байгаа. Тиймээс үүнийг зохион байгуулалтад оруулах, ялангуяа, бичил уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг албан ёсны секторт хамруулах оролцоог бид эрж хайх ёстой. Үүнийг бий болгох ёстой гэж харж байгаа. Хүний нөөцийн судалгааныхаа хүрээнд залуучууд маань юуг хүсч байна вэ гэдгийг тодорхойлох юм. Хэрэв ямар нэг жижиг бизнес эрхлэх сонирхолтой бол түүгээр нь дамжуулаад хөдөлмөр эрхлэлтийн өөр чиглэлээр дадлага, мэргэжил эзэмшүүлэхээр ажиллаж байна.
 
-Танай аймагт тулгамдаж байгаа өөр ямар асуудал байна вэ?
 
-Сая УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт, Г.Занданшатартай бүх сумаар орж ажиллаад ирлээ. Нэгдүгээрт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийн уналтын тухай. Түүхий эдийн үнэ уначихаар дагаад сумын төвийн болон хөдөөгийн амьдрал зогсонги байдалд орчихсон. Тэнд бараа бүтээгдэхүүний эргэлт алга. Орлого олох боломжгүй болчихсон. Үүнээс болж ядуурал, ажилгүйдэл ихэсч байгаа дүр зураг харагдаж байна.
 
Тэгэхээр бид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг нэмэх, яаж мөнгөн орлогыг нь нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Сая Засгийн газраас шийдвэр гарч малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын татварыг байхгүй болгочихлоо. Ингэснээр хил, гаалиар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн чөлөөтэй гарах болсноор бага зэрэг үнийн өсөлт харагдаж байна. Гэхдээ энэ нь малчдын хүсэн хүлээсэн үнэд хүрэхгүй байна.
 
Бидний зорьж байгаа бодлогод уламжлалт арга, технологио ашиглаад элдэх хэсгийг механикжуулах замаар жижиг цехийг олноор байгуулж арьс, шир, нэхийг элддэг болъё гэж зорьж байна. Элдээд зогсохгүй үүгээрээ бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэдэг болбол үнэд хүрэх боломж байна.
 
Тухайлбал, хонины нэхийгээр яагаад аяны хөнжил хийгээд ОХУ-ын Сибирь, Скандинавын орнууд руу гаргаж болохгүй гэж. Нөгөө талаасаа малч­­дын нөхөрлөл, хор­шоог савлагааны тоног төхөөрөмжөөр хангахаар зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг бүлэг хоршоонд савлагааны тоног төхөөрөмж байдаг. Хоршооны гишүүд ааруул, өрөм, бяслаг, ээзгийгээ авчирч савлаад малчныхаа тамгыг дарж, үйлдвэрлэсэн он, сар, өдрөө тавиад зах зээлд гаргавал тэр бүтээг­дэхүүн илүү үнэд хүрнэ.
 
-Танай аймаг Хятадтай хиллэдэг. Гадаад хамтын ажиллагааныхаа талаар  танилцуулахгүй юу?
 
-Манай Шинэжинст, Баян-Өндөр, Баянлиг сум Хятадтай хиллэдэг. Өмнө нь ОХУ, Буриадын Кабанскийн районы эмнэл­гийн салбартай хам­тарч ажилладаг. ӨМӨЗО-ы Альшаа аймагтай хэд хэдэн чиглэлээр гэрээ байгуулан ажиллаж байгаа. Альшаа аймагтай хамтарснаар нэгдүгээрт, Сэхээ боомт, Баянхонгор, Баянлиг, Гашуунсухайт хүртэл хар зам тавиулахаар хөөцөлдөж санал тавьсан. Хоёрдугаарт, эднийхтэй хамтарч аялал жуулчлалын салбарт хамтрах тухай асуудлыг хөндсөн. Тэндээс хар зам тавиад нөхцлийг бүрдүүлээд өгчихвөл олон хятад иргэн Монголын говийг үзэх сонирхолтой байгаа.
 
Саяхан Д.Оюунхорол сайд НҮБ-ын Аялал жуулчлалын “Торгоны зам дагуух аялал жуулчлалаа хөгжүүлье” сэдэвт олон улсын бага хурал дээр чухал санал гаргасан нь “Бүлэг жуулчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр хилээр нэвтрүүлэх” тухай байсан. Хятад болон бусад орноос бүлгээрээ явж байгаа иргэд Монголын хилээр нэвтрээд богино хугацаанд Монгол орны ахуй амьдралтай танилцаад гарна. Энэ нь нөгөө талаасаа аймаг, орон нутгийн төсөвт их хэмжээний боломж олгоно. Мөн иргэд ч гэсэн ажилтай, орлоготой болох бодит боломжийг нээж байгаа юм.
 
-Баянхонгор аймагт аялал жуулчлал хэр хөгжсөн бэ. Гадаад, дотоодын жуулчдыг татах ямар газрууд байна?
 
-Баянхонгор аймгаас элсэн цөл, говь, тал хээр, хангай гэсэн бүслүүрийг үзэж болно. Хоёрдугаарт, хүн анх үүсч, амьдарч байсан Баянлигийн Цагаан агуй, бичигт хад байна. Бүгээн цав, Гурилын хоолой, говь тал руугаа маш үзэсгэлэнтэй газрууд бий. Тэнд говийн баянбүрдүүд болсон Эхийн гол, Шар хустай гээд Монголд төдийгүй дэлхийд цөөхөн үлдсэн 27 толгой мазаалай амьдарч байна.
 
Эрдэнэцогт суманд жил бүр 50 мянган сарлагийн баяр хийдэг. Баянлиг сум гэхэд тэмээнийхээ тоогоор улсад тэргүүлж байна. Жил бүрийн найм, есдүгээр сард тэмээчид Гурилдах гэж арга хэмжээг зохион байгуулдаг. Бөх, ташаан дээр нь гурилаар тоо, төрөл бүрийн дүрс хийдэг. Үүнийг хэв дарах арга хэмжээ болгоод янз бүрийн уламжлалт ёс заншил, хөгжим дуу хууртай хослуулаад зохион байгуулбал олон жуулчныг татах боломжтой.
 
-Аймаг, орон нутагтаа ойрын үед хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд юу байгаа вэ?
 
-Манай аймаг урлаг, соёлын алдартнуудтай, авьяаслаг ард түмэн. Үүний нэг нь Монголын хөгжмийн ноён оргилын нэг Г.Бирваа агсны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож бай­гаа. Аймгийн Засаг дар­гаас ажлын хэсэг томи­логдоод бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймагт Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваа агсны 1989 онд “Морин хуур” наадмын тэргүүн шагнал авч байсан “Нарны дуулал” дуугаар нь нэр­лэ­сэн мэргэжлийн дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 23-25-нд болно.
 
Уралдаан мэргэжлийн дуу дуулаачдын, сонир­хогчдын, хүүхдийн гэсэн төрлөөр явна. 32 сая төгрөгийн шагналын сантай том арга хэмжээ болох гэж байна. Зөвхөн хөгжмийн зохиолчдоос дурдахад С.Гончигсумлаа, Ч.Сангидорж гуай байна. Г.Бирваа гуайн ойг өргөн тэмдэглэнэ. Энэ өдрүүдээр түүний киноны хөгжмүүдээр кино наадам хийхээр төлөвлөж байна. Амьдрал, уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргаж ажиллуулна. Гала концертыг холбогдох байгууллагуудтай хамтарч хийнэ. Г.Бирваа гуай соёлын биет бус өвийг тээгч аугаа нэгэн байсан гэдгийг олон нийтэд таниулахыг зорьж байгаа.  
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин