sonin.mn
СЭЗДС-ийн багш, эдийн засагч  Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
 
-Нийгэмд гаднын банк орж ирэх гэж байгаа талаарх яриа их байна.  Орж ирэх нь зөв буруу, цаг нь болсон, болоогүй гээд л санал бодлоо хэлцгээж байна.  Гадаадын банкийг оруулж ирэх нь зөв үү?
 
-Миний үзэж байгаагаар гаднын банкийг урих нөхцөл Монголд одоохондоо бүрдээгүй. Монголын эдийн засгийн бодит секторын хүчин чадал өөрөө сул байна. Томоохон үйлдвэрлэлийн салбарууд төлөвшиж чадаагүй.  
 
Иргэд болон байгууллагуудын зээлжилтийн байдал эмзэг байна. Мөн Монголын санхүүгийн зах зээл бүрэн бүтцийн хувьд зөв төлөвшиж чадаагүй.  Зөвхөн банк суурьтай байгаа энэ үед гаднын банкийг оруулж ирэх нь тийм ч сайн зүйл биш. Хэрвээ оруулж ирэхээр бол хууль эрхзүй, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах тал дээр маш нарийн зохицуулалт хийх хэрэгтэй. 
 
-2017 оны мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна.  Та мөнгөний бодлогын асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Энэ удаагийн хэлэлцүүлэг үндсэн гурван чиглэлтэй байгаа.  Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт валютын ханш, мөн санхүүгийн зах зээлд чиглэж байна.  Мөнгөний бодлого маань эдгээрийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах зорилготой байна.
 
Төвбанкнаас мөнгөний хатуу бодлого барина, инфляцийн төвшинг найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.  Өнөөдөр манай эдийн засгийн байдал ямар байгаа билээ.  Инфляцийг найман хувьд барих нь хэр оновчтой вэ гэдгийг харах ёстой. Инфляци буурах нь манай эдийн засгийн байдалд тийм ч оновчтой шийдэл биш гэж би харж байгаа.
 
-Гэтэл инфляци буурсаар байна.  Хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу байна вэ?
 
-Хоёр үндсэн шалтгаантай буурч байна.  Хүнсний чиглэлийн бараа бүтээгдэхүүний үнэ буурсан, иргэдийн орлого мөн буурчээ. Энэ байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж байна.  Тэгэхээр иргэдийн худалдан авах чадварын доройтолтой холбоотой инфляцийн төвшин өөрчлөгдөж байна.  Мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа суларсантай холбоотой гэж үзэж байна.  Тиймээс бид энэ бууралтад хандах хандлагаа шинэчлэх шаардлагатай.
 
-Төвбанкнаас мөнгөний хатуу бодлого барих талаар ярьсан.  Хямралын үед энэ нь хэр оновчтой шийдэл юм бол?
 
-Хямралын үе гэдгийг шат болгондоо хүлээн зөвшөөрч байна. Гэтэл энэ үед мөнгөө хумих бодлого хэр оновчтой вэ гэдгийг эргэн харах ёстой. Монголын нийгэмд юу хамгийн их хэрэгтэй байна вэ гэхээр мөнгө. Бид гаднаас ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн дотооддоо мөнгөний нийлүүлэлтээ сайжруулах шаардлага гарч байна.   Ингэхгүйгээр эдийн засгийн хямралаас хурдан гарах, алдаа багатай даван туулах аргагүй.  Тэгэхээр Монголбанкны уламжлалт аргуудаар мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. 
 
-Төвбанкнаас  мөнгөний урсгалыг нэмснээр валютын ханш өсөх зэргээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг.  Өнгөрсөн удаа ч бид алдсан?
 
-Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Мэдээж хэрэг, өмнөх жилүүдэд гаргасан их мөнгө Монголын эдийн засагт сайн зүйл авчраагүй нь үнэн. Гэхдээ яагаад сайн зүйл авчраагүй вэ гэдгийн учир шалтгааныг харах нь зүйтэй. Энэ мөнгө буруу чиглэлд, буруу механизмаар, буруу цэг дээр очсон учраас эдийн засагт эерэг зүйл авчраагүй юм.
 
-Мөнгө гаргаад зөв чиглэлд зарцуулбал  эдийн засаг сэргэнэ гэж та үзэж байна уу?
 
-Тийм байж болно. Бидний хийх ёстой зүйл бол Монголын эдийн засгийн яг аль чиглэлийг мөнгөөр дэмжих вэ гэдгээ зөв олж харах ёстой юм. Мөн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд валютын ханш ордог. Үүнд өмнө нь авч хэрэгжүүлж байсан ханшийн хөвөх тогтолцоо буюу уян хатан, эдийн засгийн нөхцөл байдалтай нийцсэн тогтолцоог хэрэгжүүлэх нь зөв.  Үүнээс өөр арга зам өнөөдөр Монголбанкинд байхгүй.  
 
Монгол Улсын валютын нөөц багассан байна.  Нэмэгдүүлэх, валютын гарах урсгалыг бууруулах талаар Монголбанк дангаараа юу ч хийгээд нэмэргүй байдалд орсон байна. Харин мөнгөний бодлогод тусгасан санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэг хүрээнд ажиллаж болох юм. Тухайлбал Засгийн газар, Монголбанк  хоёр өөр өөрийн чиг үүргийн хүрээнд төгрөгийн ханшийн уналтыг сааруулах цогц бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
-Энэ нь юу гэсэн үг вэ?
 
-Монголбанк, Засгийн газар хоёр дахин хамтран ажиллана гэсэн үг биш. Нэг нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, нөгөө нь мөнгө валютын зөв бодлогоор, хямралын нөхцөл байдлыг сөрөх чиг үүргээ хамтран хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш үүн дээр зөвхөн Монголбанкийг буруутгах арга байхгүй. 
 
-Санхүүгийн зах зээлд мөнгөний бодлого хэрхэн нөлөөлөх бол?
 
- Энэ нь бүхэлдээ санхүүгийн зах зээлийн хяналтын тогтолцоог сайжруулах, санхүүгийн байгууллагуудын төлбөрийн чадвар болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг хянах Олон улсын байгууллагын тусламжтайгаар байгууллагуудыг үнэлэх гэсэн чиглэлтэй байна.  Өнөөдөр  бид санхүүгийн зах зээлээ байнга ажиглаж байх хэрэгтэй. Гэхдээ Монголбанкны бодлого бүхэлдээ эрсдлээс хамгаалахад чиглэсэн байгаа нь тийм сайн зүйл биш.
 
Яагаад гэхээр мөнгөний бодлого нийлүүлэлтээсээ гадна банкны байгууллагуудын энэхүү зээлийн чанарыг сайжруулах, мөнгөний эргэлтийн сайжруулах арга замуудыг мөнгөний бодлогод тусгах хэрэгтэй байсан болов уу. Энэ хүрээнд өмнөх мөнгөний бодлогод байсан активын чанарыг сайжруулах, удирдлагын компани байгуулах, хөрөнгө зах зээлийн сангийн институци байгуулах гэсэн зүйлүүдийг зөвөөр үргэлжлүүлэх юм бол бид эдийн засгийн тодорхой асуудлуудыг хэрэгжүүлэх суурийг тавина гэж харж байна.
 
-Тэгвэл 2017 оны мөнгөний бодлогын давуу талыг та юу гэж харж байна?
 
-Нэг давуу тал нь Монголбанкны бие даасан хараат бус байдлыг хангах асуудал  тусгагдсан байна. Үүнийг зайлшгүй хийх ёстой байсан.   Монгол Улс Төвбанктай болсноос хойш Төвбанкны хараат бус байдал алдагдсаар ирсэн.  Эрхзүйн хүрээнд ч гэсэн Төвбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад сольдог, боловсон хүчний бодлогод төрийн зүгээс оролцдог, боловсруулсан мөнгөний бодлогыг батлахдаа өөрчилдөг. Энэ мэтчилэн бие даасан байдлууд нь алдагдсанаас мөнгөний бодлого тодорхой хэмжээнд зөв хэрэгжиж чадахгүй байсан.  Тэгэхээр бие даасан, хараат бус байдлыг тусгаж өгсөн нь энэ жилийн мөнгөний бодлогын нэгэн давуу тал болсон.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин