sonin.mn
Өнгөрсөн даваа гаригт өглөөний зургаан цаг болж үүр цайхад “Исламын улс” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн лалын босогчдын савраас Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа эхэлсэн юм.
 
Ирак цэргүүд, курд дайчид, суннит аймгийн цэргүүд зэрэг 30 мянган эрчүүдээс бүрдсэн арми Нинивийн шаргал хөндийгөөр урагшлан террористуудын лидер Абу Бакр Аль-Багдади 2014 оны зургадугаар сард Халифат улс байгуулан нийслэлээр нь зарласан Мосул хотын зүг давшиж явна. “Давших ажиллагаа маш сайн явж байна.
 
Бид эхний зорилгоо биелүүлэхэд ойрхон байна” хэмээн Иракийн армийн төлөөлөгч Али Далки Мосулаас өмнө зүгт 60 км-ийн зайд орших Аль Каяара бааз дээрээ ярилаа. Түүний батлан хэлж буйгаар, “Исламын улс” бүлэг тун бага эсэргүүцэл үзүүлж байгаа аж. Харин террористуудын зам, байшин, орон сууц, автомашинд тавьсан тэсрэх бөмбөгт тун няхуур хандан урагшилж байна.
 
Үүр цайхаас хэдэн цагийн өмнө Иракийн Ерөнхий сайд Хайдар Абади зурагтаар ярихдаа 2003 онд АНУ Иракийг эзэлснээс хойшх хамгийн том цэргийн ажиллагаа эхэлж байгааг зарласан аж. Хоёр жил гаруйн өмнө лалын босогчдод эзлэгдсэн Мосул хотыг богино хугацаанд чөлөөлнө гэдэгт Иракийн арми итгэлтэй байна. “Исламын улс” бүлгийнхэн Мосул хотын эргэн тойронд нефть шатаан их утаа гаргаж, утааны цаанаас довтлох тактик баримталж буй бололтой.
 
Гэвч курд дайчдын отряд хэдэн арван лал дайчдыг устгаж амжилттай давшин их утаа гарч буй газарт дөхөж очоод байна. Гэвч хот руу дөхөж ирэх үед “Исламын улс” бүлгийнхний амиа золиослосон довтолгоотой тулгарчээ. Лалын босогчид Мосулын захад ирсэн курд дайчдын эсрэг арав орчим амиа золиослосон довтолгоо зохион байгуулжээ.
 
Чөлөөлөх ажиллагааны эхний хоёр өдөр жихадистуудын хяналтад байсан эхний тосгон, суурингуудыг Иракийн талд эргүүлэн аваад байна. Курд дайчид найман хориглолт, бэхлэлтийг чөлөөлж чаджээ. Иракийн Курдистаны автономит мужийн тэргүүн Масуд Барзанийн батлан хэлж буйгаар, “Исламын улс” бүлгийн мэдэлд байсан 200 км кв тариалангийн нутгийг ирак болон курд цэргүүд эзэлж авсан байна.
 
Нинивийн хөндийгөөр дайны бөмбөр нижигнэж байх хооронд Багдадын нисэх онгоцууд “Лалынхны ятгалгад битгий ор, гэртээ үлдэцгээ” гэсэн ухуулах хуудсыг Мосул хот дээрээс агаараас цацжээ. Мосул хотоос ирж буй мэдээгээр, хотын гудамж эл хуль болж, “Исламын улс”-ын дайчид тун цөөн харагдаж байгаа аж. Гэвч жихадист босогчид дайнд бэлтгэсээр байгаа аж. Тэд хаалт, бэхлэлт босгож, Мосулын эргэн тойронд суваг шуудуу ухаж, урваж зугтах гэж оролдсон хэд хэдэн дайчдаа шийтгэн олны өмнө цаазалжээ.
 
Лалын сүмийн чанга яригчаар эрчүүдийг дуудаж байлдааны талбарт ирэхийг тушааж байгаа аж. “Террористуудын байлдааны бүлгүүд Мосул хот орчмын тосгон суурингаас ухарсан. Тэдний зарим нь энгийн иргэдтэй холилдож зугтахын тулд сахлаа хуссан. Мөн иргэдийг амьд бамбай болгон ашиглаад эхэлсэн. “Исламын улс” бүлгийнхэн эрт, орой хэзээ нэгэн цагт Мосулын зүүн талаар гарч зугтан Сирийн газар нутаг дээрх Халифатын нийслэл гэгддэг Ракка хотод очих бодолтой байгаа” хэмээн Мосул хотын нэгэн иргэн мэдээлэл дамжуулсан юм.
 
Гэвч лалынхан тийм амар бууж өгөхгүй бололтой. Зургаан мянга орчим лалын жихадист дайчин хаалт бэхлэлтээ босгон чөлөөлөгчидтэй тулахаар хүлээж байна. “Иракийн хоёр дахь том хотыг чөлөөлөх ажиллагаа хэдэн долоо хоног, магадгүй түүнээс ч илүү хугацаагаар үргэлжилж магадгүй.
 
Тулалдаан удаан үргэлжилж магадгүй ч ирак цэргүүд үүнд бэлэн байгаа. Бид ч дэмжих болно” хэмээн олон улсын цэргийн хүчний командлагч, америк генерал Стивен Таунсенд анхаарууллаа. “Исламын улс” бүлэг нисэх хүчин довтлохгүй хэмээн үзэж лалын сүмүүдэд зэр зэвсгээ хадгалж буй бололтой. Мөн Иракийн цэрэг, танкууд Мосул хотын гудамж руу нэвтрэх үед тус бүс нутагт амьдардаг 1.5 сая иргэнийг амьд бамбай болгон ашиглаж магадгүй байгааг НҮБ анхааруулсан билээ.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин