sonin.mn
Өдөр бүр, цаг минут тутам хурдацтай хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлд “нүдүүлж” байгаа бидэнд эрүүл мэнддээ анхаарах цаг, зав хомс. Оношлогоо эмчилгээ хийлгэе гэж бодсон нэг нь  “Хорт хавдар, элэгний өвчлөл” хэмээн хүндрүүлнэ.
 
Хагас хугас мэдээлэл авангуутаа бүхнийг мөнгөтэй холбож бодоод дараа болъё гээд орхичихдог зантай.  Хажуугаар нь нийгмийн болж бүтэхгүй бүхэнд бухимдана. Үнэндээ амьдрал хэтэрхий богино гэдгийг ухаарах нь гурван сая монголчууд дунд хэд байгаа бол. Яаж ч бодсон өвчин зовлонтой бол нэг олдох амьдралыг зоргоороо туулах хувь дутна. Тиймээс хором бүрийг алдахгүй эрүүл амьдралын төлөө тэмцэх ёстой аж.
 
Иймийн тулд хүмүүсийн амь насанд олон төрлийн өвчин заналхийлж, биед нь гадны вирус өсч үржиж байгааг анзаарах учиртай. Эмч мэргэжилтнүүд, төр засгаас илүүтэй иргэдэд хаяглаж байгаа сэдэв бол сүрьеэ өвчнөөс сэргийлж эмчлүүлэх явдал юм. Дэлхийн долоон тэрбум хүний гуравны нэгд нь халдварлаад байгаа энэ өвчин гурван сая монголчуудад хэрхэн заналхийлж байгаа нь ойлгомжтой.
 
Хамгийн чухал нь хүн болгоны биед, гурван сая хүний биед сүрьеэгийн нян нуугдаж байдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, та, би, таны, бидний гэр бүл ойр дотны бүх хүмүүс сүрьеэгийн нян тээж байдаг гэсэн үг. Харин тэр нянг “сэрээх”, өсгөж үржүүлэх нь тухайн хүний хэрэг. Аминдэмтэй хоол хүнс хэрэглэж биеийн дархлаагаа дэмжихгүй л бол сүрьеэгийн дарангуйлалд өртөнө. Нэгэнт л сүрьеэ өвчний халдвар авчихвал 6-8 сар, даамжирвал 24 сар тасралтгүй эм уух хатуу дэглэмтэй.
 
Хэрэв эмчийн заавраар эмчилгээ хийлгэхгүй бол үхэлд хүргэх аюултай. Аливаа өвчин даамжирвал муу зүйлд хүргэнэ гэдгийг  магадгүй хүн бүр мэдэх  биз. Бүр ойр дотны хүнээ сүрьеэ өвчний улмаас алдсан хүмүүс  ч цөөнгүй. Гэвч өөртөө болоод өрөөлд анхаарч нэг удаа ч болов эмнэлэгт хандсан нь хэр олон байдаг бол.  Манай улсад жилдээ сүрьеэ өвчний халдвар авсан дөрвөн мянган хүний хагас нь хорвоог орхидог гэсэн тоон мэдээ бий. Тэгэхээр Монголд төдийгүй дэлхий нийтэд заналхийлээд байгаа өвчинтэй тэмцэж, өөрийн биед нуугдаж буй нянг үржүүлчихгүйн тулд гурван саяулаа тэмцэж таарах нь.
 
Тэрдундаа гэр бүлийнхэн нэгэндээ шаардлага, хяналт тавих нь зүйтэй. Заавал эмчийн шахалтаар шинжилгээ өгч, эмчлүүлдэг цаг ард хоцорсныг хэлье. Тэр тусмаа аюулын харанга дэлдтэл нь дэврүүлж байж цочоо авдаг зангаа монголчууд бид болих хэрэгтэй. Иргэн таны ухамсараас л  бүх зүйл шалтгаална. Учир нь гэр бүлийн тань хэн нэгэн сүрьеэ өвчний халдвар авсан бол бусад гишүүдэд, өөр олон хүнд халдвар тараах эрсдэлтэй. Сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварладаг учраас найтаах, ханиалгах, ярихад нян нь тархаж байдаг аж.
 
Гэхдээ “өвчинтэй” агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Халдвар авах эсэх нь  таны дархлалын системээс хамаарна. Биеийн эсэргүүцэл сайтай, эрүүл чийрэг бол нянг зогсооно гэсэн үг. Тиймээс өөртөө жаахан анхаарал тавьж, арчаатай байхад л та сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм. Хэрэв өвдсөн тохиолдолд сүрьеэгийн нянг ялан дийлсэн эсэхээ эмчээр очоод шалгуулчих хэрэгтэй. Ингэж байж л та өөрийгөө болоод ойр тойрныхоо хэдэн зуу, бүр мянгаар тоологдох хүнд халдвар тараахгүй байж чадна.
 
Харин дархлаа суларсан бол нян хурдацтай өсөн үржиж халдвар авдаг. Түүнчлэн сүрьеэ өвчний халдварын шинж тэмдэг ердийн учраас хүмүүс ханиадтай андуурч эмчид хандахгүй явсаар өвчнөө хүндрүүлж, цаашлаад амь насаа алдах аюултай гэдгийн эмч нар хэлсэн. Хоёр ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах, цустай цэр гарах, цээжээр өвдөх, бие сульдах, амархан ядардаг болох, жин буурах хөлрөх, халуурах шинж  тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай юм. Харьяа аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмчид үзүүлж үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэж болно.
 
Энд нэг зүйлийг дахин онцлоход сүрьеэ өвчнөөс салах бүх боломж иргэн таны өмнө ямагт нээлттэй байдаг. Элэгний вирустэй эсэхээс мэдэх шинжилгээ 6000, вирус тоолуулах нь 90 мянган төгрөг зэргээр амьдралын боломж тааруу хүмүүс тэр бүр эмчилгээ хийлгэх нь бага байдаг бол сүрьеэ өвчнийг оношлохоос эхлээд эмчилж бүрэн эд­гэ­рэх хүртэл бүх зардлыг төр засгаас даадаг нь хамгийн том давуу тал.
 
Өвчнийг эмчлэхэд дэмж­лэг үзүүлдэг олон улсын төсөл хөтөлбөрүүд ч цөөнгүй. Улс орны бод­лого шийдвэр, ДЭМБ-ын төсөл хөтөлбөрийн дагуу сүрьеэ өвчинтэй нэг хүнийг эмчлэхэд хагас сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Тэгэхээр иргэн та өөртөө хэдхэн цаг, минутын зав гаргаад аймаг, дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад очоод шинжилгээ өгчих. Зорьж очиж амжихгүй бол эмчид үзүүлэх, ямар нэгэн шинжилгээ өгөх далимаараа  марталгүй сүрьеэтэй эсэхээ шинжлүүлчих.
 
Өөрөө шинжилгээ өгсөн бол дахиад олон хүнийг уриалаарай. Хөтлөөд очвол бүр сайн. Та насан туршдаа эрүүл байж, урт удаан наслахад хэдхэн цагийг л өөртөө зарцуулахад болно. Тиймээс монголчууд гурван саяулаа сүрьеэтэй тэмцэе. Хүн бүр аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжие. Өвчин, үхэл хүнийг баян ядуу гэж ялгадаггүйг бүү март.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин