sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Иракийн арми Мосул хотод дөхөн ирж байгаатай холбоотойгоор “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчид тус хотоос зугтан гарсаар байна гэж АНУ-ын цэргийнхэн мэдэгдэв.
 
Иракийн цэргүүд улам хүчтэй довтолж байна гэж генерал Гэри Волески мэдэгдлээ.
Иракийн арми Мосул хотын өмнөд талаас давшиж байгаа бол Курдын хүчин зүүн талаас нь довтолж байгаа юм. 
Одоогийн байдлаар тус хотод “Лалын улс” бүлэглэлийн 5000 орчим гишүүд байгаа бололтой.
 
Бид Мосулаас гарч буй шилжилт хөдөлгөөнийг илрүүлсэн, тус бүлэглэлийн толгойлогчид хотыг орхин гарсан гэж бид үзэж байна гэж генерал Гэри Волески хэллээ. Гэхдээ тэрбээр яг хэн, хаашаа зугатан гарсан талаар нарийн тодорхой мэдээлэл өгсөнгүй.
 
“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади хаана байгаа нь тодорхойгүй байна. Зарим мэдээлэлд түүнийг Мосул хотод байгаа гэсэн бол хотоос гарч явсан гэх мэдээлэл ч мөн иржээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг