sonin.mn
АЛЕППО./Anadolu/. Гал зогсоох хэлэлцээр есдүгээр сард тасалдсанаас хойших нэг сарын хугацаанд Сирид 3000 гаруй хүн амь үрэгджээ.
 
Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, 10 дугаар сарын 19-нийг хүртэлх нэг сарын хугацаанд Сирид 3367 хүн амь үрэгдсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 1302 нь энгийн номхон иргэд, тэдний дотор 299  нь хүүхэд ажээ.
 
Амиа алдсан иргэдийн ихэнх нь Алеппо хотын оршин суугчид байсан байна. Тус хотод Ерөнхийлөгч Башар Аль-Асадын арми агаараас цохилт өгсөөр байгаа юм.
 
Агаараас цохилт өгөн энгийн номхон иргэдийн аминд хүрч байгааг олон улс даяар буруушаах нь улам өргөжиж байгаатай холбоотойгоор Сирийн Засгийн газар болон түүнийг дэмжигч Оросын тал орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 08:00 цагаас оройн 04:00 цаг хүртэлх хугацаанд агаараас цохилтоо бүрэн зогсоож, оршин суугчдад тус хотыг орхин явах боломж олгохоор болсноо мэдэгдсэн юм.
 
Лхагва гарагт НҮБ-ын хүсэлтээр Оросын тал гал зогсоох хугацааг гурван цагаар сунгахаар шийдвэрлэжээ.
Сирид энгийн номхон иргэд олноороо амь үрэгдсээр байгаа боловч тэнд удаан хугацаагаар гал зогсоох шинж байдал харагдахгүй байна.
 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг