sonin.mn
БУЭНОС-АЙРЕС./Reuters/.Өсвөр насны охиныг хүчирхийлэн хөнөөснийг эсэргүүцэн Аргентины олон мянган иргэд нэг цагийн ажил хаялт зарлан жагсчээ.
Тус улсын Мар-дель-Плата хотод 16 настай Люсия Перес охиныг мансууруулж, хүчирхийлсний дараа амийг нь хөнөөсөн хэрэг саяхан гарсан байна.
 
Охиныг хоёр эрэгтэй хүн эмнэлэгт хүргэж ирээд явахдаа “энэ охин мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн байна” гэж хэлжээ. Харин Люсия охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг эмч нар тогтоосон байна.
 
Энэ хэрэгт холбогдуулан хар хувцас өмсч, эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг хүний эрхийг хамгаалагчид уриалжээ. Үүний дараа лхагва гарагийн үдээс хойш Аргентины нийслэл Буэнос-Айрес болон бусад хотод хэдэн мянган хүн жагсаалд оролцон эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсагчид “хэрвээ бидний хэн нэгэнд гар хүрвэл бид бүгдээрээ хариуг нь өгөх болно” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан байлаа.
 
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгааг эсэргүүцсэн жагсаалууд өнгөрсөн оны зургадугаар сард тус улсад болж байсан юм.
 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг