sonin.mn
БЕРЛИН. /TASS/. Алеппо хотод түр гал зогсоох хугацааг боломжийн хүрээнд сунгахад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
 
“Алеппо хотод өгч байгаа агаарын цохилтыг түр зогсоох хугацааг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тогтоохоор төлөвлөж байна. Тус хотод байгаа зэвсэгт бүлэглэлийн ажиллагаа идэвхжих хүртэл бид түр гал зогсоох хугацааг сунгахад бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдлээ.
 
“Манай түнш болох АНУ нь Сирийн сөрөг хүчнийхнийг “Жебхат аль-Нусра” зэрэг террорист бүлэглэлээс ялгаж салгана гэсэн амлалтаа биелүүлнэ гэж бид найдаж байна. Ингэснээр бид цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн явуулах талаар ойлголцох юм” гэж В.Путин хэлсэн байна.
 
Үүнээс гадна Сирийн мөргөлдөөнд оролцогч талууд урьдчилан зохицуулалт хийж, урьдчилсан сонгууль явуулсны үндсэн дээр шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлах үйл явцыг урагшлуулах нь зүйтэй гэсэн саналыг ОХУ тавьж байна гэж Оросын Ерөнхийлөгч дахин сануулан дурдаад, энэ үйл явцад бүс нутгийн бүх улс орон оролцох хэрэгтэй гэж онцлон тэмдэглэлээ.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг