sonin.mn
2016.10.20
 
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Тиймээс мэдээлэл солилцох, сургалт явуулах, хэвлэл мэдээллээр сурталчлах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тал Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана.
 
Мөн хүний эрхийн сургалтын гарын авлага, эвхмэл хуудсуудыг боловсруулах, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хяналт шалгалтаар илэрч буй голлох статистик судалгааг гаргаж, мэдээлэл солилцох, хүний эрхийн нийтлэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.
 
 
Энэхүү Санамж бичиг мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт чиг үүргээ хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ойлголт түгээх, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчны салбарт хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой. Санамж бичгийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд талууд жилд нэг удаа уулзалт зохион байгуулж хэрэгжилтийг хэлэлцэх юм.