sonin.mn
Хүрэнээс ногоон бизнес рүү шилжих цаг  нь болсон хэмээн Кемпинский зочид буудалд болсон “Greening Business DNA” форумд оролцогсод тодотгож байна.
 
Өөрөөр хэлбэл бизнес эрхлэхдээ байгаль орчинд ээлтэй ногоон бодлогыг хэрэгжүүлэх  цаг болсныг тэд онцолсон юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй тус форумд 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган ярихдаа, “Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг бий болгож, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх зорилт тавьсан. Энэ хүрээнд бизнесийнхэнтэй хамтарч ажиллахаар өнөөдрийн форумыг зохион байгуулж байна.  
 
Ногоон хөгжлийн бодлогын эхний стратегийн зорилт нь “Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэхэд чиглэж байгаа. Энэ хүрээнд манай яам 2015 оноос Швейцарийн Засгийн газартай хамтран иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
 
Манай яамны зүгээс үйлдвэрлэл бизнесийг байгальд ээлтэй, ногоон хөгжил рүү шилжүүлэх бодлого, хууль тогтоомжийг боловсруулж  батлуулахад анхаарахын зэрэгцээ амьдралд хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгт ногоон барилгыг бий болгох, ногоон худалдан авалтын эрхзүйн орчныг бүрдүүлэх, олон нийтэд ногоон хөгжлийн мэдлэг олгох, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төслүүдийг боловсруулж эхэлсэн ” гэв.
 
Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд зохион байгуулж буй тус форумд байгаль орчны менежментийн систем, ISO 14001 стандартыг нэвтрүүлснээр бий болох бизнесийн үр өгөөжийн талаарх олон улсын туршлагыг Канад улсын “E2 Management Corporation”-ийн Ерөнхийлөгч, Профессор Линн Иоханнсон танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ, Дэлхий нийт байгаль орчинд ээлтэй ногоон эдийн засаг, бизнес рүү явж байна. Аливаа салбар байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулснаар эргээд үр шимийг нь хүртэнэ. Тухайлбал та байгальд ээлтэй бизнес явуулснаар ашиг орлогоо нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлөлт эдлэх гээд олон талын өгөөжийг хүртэнэ” хэмээн тодотгов.
 
Мөн үеэр оролцогсод ногоон зээлийн сан, эко урамшуулал, татварын хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг  бий болгочихвол  ногоон бизнес рүү  хувийн хэвшлийнхэн төвөггүйхэн орно гэдгийг онцлов.
 
 Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг