sonin.mn
Монгол Улс болон ХБНГУ хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашиныг Зэвсэгт хүчинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр БХЯ-ны урд талбайд боллоо.
 
Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Ш.Дюпель болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцов.
 
“Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаагын нэг илрэл бол энэхүү арга хэмжээ юм. Манай хоёр орны дипломат хамтын ажиллагаа 1974 оноос эхтэй. Ялангуяа, 2006 оноос хойш манай Зэвсэгт хүчинд ХБНГУ-аас 13 тэрбум төгрөгийн өртөг бүхий матерриаллаг тусламжийг үзүүлсэн байдаг. Энэ бол хоёр орны батлан хамгаалах харилцаа ямар өндөр түвшинд хүрснийг илтгэх нэгэн үзүүлэлт юм” гэж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон бол ХБНГУ-ын “Хоёр улсын батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг улам батжуулж, цаашид нэмэгдүүлэхэд бид олон талаар анхаарч ажиллаж байгаагын нэг нь энэхүү автомашинуудыг хүлээлгэн өгч байгаа явдал юм.
 
Афганистан улсад манай хоёр орны цэргийн алба хаагчид галын шугманд хамтдаа зогсож, дэлхийн энх тайвны төлөө тэмцэж байгааг энд дурдах нь зүйтэй. Цаашид ч хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн олон зүйлийг хийх болно” гэж элчин сайд ноён Ш.Дюпель хэллээ.
Цаашид цэргийн зориулалт бүхий тус автомашинуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллагууд руу хуваарилах ажил явагдана.