sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
 
Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан аж. 
 
Төсөлтэй холбогдуулж гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас зарим асуудлыг тодруулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх тухай гишүүдийн асуултад, "Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг дэмжиж байна.  Үргэлжлүүлэн олгох болно. Энэ зээл нь 5 хувь болон 8 хувь гэсэн хоёр хувилбараар явж ирсэн.
 
 Монголбанк 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан 1948 хүний иргэний зээлийг ханган биелүүлээд байна. Одоо 8 хувийн ипотекийн зээл дээр асуудал үүсээд байна. Одоогоор хууль эрх зүйн орчин тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, өмнөх ипотекийн зээл нь үнэ тогтворжуулах хөтөлбөр дотор дэд хөтөлбөр болж хэрэгжиж байсан. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөр нь 2016 онд зогссон байгаа" хэмээн хариулсан. 
 
Харин сайд Сангийн сайд Б.Чойжилсүрэн тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжийг судалж байгаа гэсэн тайлбарыг хэлж байв. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж байна.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг