sonin.mn
Засгийн газраас хэрэгжүүлж буй Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан  “Greening Business DNA” форумын үеэр MMCG ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.
 
-Хүрэн бизнесээс ногоон руу шилжихэд монголын компаниуд бэлэн үү. Ногоон бизнест шилжсэнээр компаниудад ирэх өгөөж нь юу вэ?
 
-Байгаль цаг уурын эрсдлүүд нь хүн төрлөхтнийг  аюулгүй оршин тогтнох байдалд нөлөөлж байна. Ган гачиг, үер ус  их болж буй энэ үед улс орнууд байгаль орчинд ээлтэй  бодлого баримталж, ногоон болгох шаардлагыг тавьж эхэлсэн. Америк Европт л гэхэд байгальд ээлгүй  компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдан авахаа больсон.
 
Тиймээс хамгийн түрүүнд хүрэн бизнесээс ногоон руу шилжихийн тулд  хэрэглэгчид мэдлэгээ тэлж байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгодог болно. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчид байгальд ээлтэй байснаар олон боломжийг хүртэнэ гэдгийг ойлгох ёстой. Тухайлбал байгальд ээлтэй машин үйлдвэрлэж эхлэхэд борлуулалт нь үйлдвэрлэлээсээ давж байх жишээтэй. Өнөөдөр “Greening Business DNA” форумын төлөөлөгчид байгальд ээлгүй компанийн бүтээгдэхүүнээс татгалзах цаг болсон гэдэгт санал нэгдлээ. 
 
 -Манайд байгаль орчинд ээлтэй хичнээн компани байна вэ?
 
-Байгаль орчинд ээлтэй байх гол үзүүлэлт бол  ISO 14001 олон улсын стандартыг нэвтрүүлэх явдал юм. Манай улсын хэмжээнд  ISO 14001 олон улсын стандартыг 14 компани нэвтрүүлээд байна. Ногоон бизнес рүү  шилжсэнээр компаниуд  хамгийн түрүүнд зардлаа хэмнэнэ.
 
-Байгальд хамгийн их хохирол учруулдаг нь уул уурхайн компаниуд юм. Тэд байгальд ээлтэй байхын тулд юу хийх ёстой вэ?
 
-Хамгийн их  байгаль орчинд хор хохирол учруулдаг нь уул уурхайнхан. Тэд байгалийн нөөцийг авахын тулд ухаж л таарна. Гол  нь ухахдаа байгаль орчныг сүйтгэхгүй байх талаас нь анхаарах ёстой. Уул уурхайн компаниуд химийн янз бүрийн бодис хэрэглэдэг. Химийн бодисыг байгальд ээлтэй байдлаар яаж  устгалд оруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Уул уурхайд ашиглаж буй усыг шууд гол руу хийхгүйгээр дахин боловсруулах гээд тэд  байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх нь чухал. Компаниудыг ногоон чиглэл рүү явуулахын тулд төрийн бодлого, банк, татварын системд өөрчлөлт оруулах ёстой.  Бодит шаардлага тавиад эхэлбэл  уул уурхайнхан хүссэн хүсээгүй ногоон бизнес рүү чиглэнэ.  
 
-Танай компанийн хувьд ногоон бизнест ямар хувь нэмэр оруулж байна вэ?
 
-Манай компани судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Маш их цаас хэрэглэдэг. Тиймээс  хэр хэмжээний цаас хэрэглэж байгаагаа тооцож үзсэн юм.  Жилд 950 боодол цааш хэрэглэдэг гээд тооцсон чинь 56 мод тайрсан тооцоо гарсан.  Энэ тооцооны үр дүнд судалгаагаа утсаар авдаг болж, цаасныхаа хэрэглээг  40 хувиар бууруулсан. Компаниуд  эхлээд байгальд ямар ээлгүй вэ гэдгээ  тодорхойлох ёстой.
 
Дараа нь үүнийгээ бууруулах алхамыг хийснээр үр дүн гарна. Аж ахуйн нэгжүүд ийнхүү ногоон бизнес рүү үйл ажиллагаагаа чиглүүлчихвэл хүрэн хэвээр байгаа бизнес эрхлэгчид бизнесийн жамаараа шахагдана. Өөрөөр хэлбэл хүрэн бизнесийнхэнд татвар нь өндөр тусна гэсэн үг. Бизнесээ ногоон талруу хандуулж буйд нь  урамшуулал түлхүү олгодог систем бий болгох хэрэгтэй.
 
 Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг