sonin.mn
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
 
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.20/ хуралдаан 10 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
 
Сангийн сайд Б.Чойжилсүрэн илтгэлдээ Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, 2016 оны нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагын зорилтот үзүүлэлтийг баримталсан талаар дурдав.
 
Төсвийн хүрээний мэдэгдэлд Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг зарчмыг баримтлах юм байна.
 
Түүнчлэн “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Засгийн газраас өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх зэрэг оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх ажээ.
 
Уг хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тусгагдсан байна.
 
Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхгүй байхаар тооцож, хуулийн төслийг боловсруулжээ.
 
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахдаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг судалж, байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллах санал гаргаж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөлд алсыг харсан шинэ санаа шийдлүүдийг оруулж ирэхийг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уул уурхайн томоохон төслийг эрчимжүүлэхдээ гадагшаа алдаж байгаа ашгаа төсөвтөө татаж оруулах талаар ажиллах шаардлагатай байгааг, байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газар, Сангийн яамыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгээ эргэн нягталж, засч сайжруулах шаардлагатайг хэллээ.
 
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь нь дэмжив.
 
 
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг шийдвэрлэх тухай
төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав
Байнгын хорооны хуралдаанаар өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хууль, хоёр тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
 
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэх”-ийг заасны дагуу Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
 
 
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан, өргөн мэдүүлсэн 15 хууль, хоёр тогтоолын төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, тухай бүрт нь асуулт асууж саналаа хэлэхгүй бол гол асуудал нь орхигддог талтайг онцлов. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
 
Азай буурлууддаа жилд хоёр удаа “насны хишиг” олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэттгэврийн насны бүх иргэдээ хамруулах талаар нарийн судлах хэрэгтэйг гишүүд хэллээ.
 
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн ч Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг шийдвэрлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулав. Учир нь Хөгжлийн банкны асуудалд нарийн судлагаатай, болгоомжтой хандах нь зүйтэй гэж үзэж байлаа.
 
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудад эдийн засаг, санхүүгийн байдалд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиглэлээр ажлын хэсгийг байгуулж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулахаар тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.