sonin.mn
Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох, үерийн далан барих ажил 92 хувьтай байгаа талаар ИНЕГ-аас мэдээлэв.
 
ИНЕГ-аас орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулах, хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох ажлыг "Алтай" нисэх буудлаас эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд 2.9 км хатуу хучилттай зурвас, 2.3 км хайрган хучилттай зурвас, 635 м шороон болон асфальтбетон хучилттай явгалах зам,  3620 метр хамгаалалтын далан шуудуу барьж буй юм.
 
Мөн орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах ажлын хүрээнд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг “Арабын хөгжлийн эдийн засгийн Кувейтийн сан”-гийн буцалтгүй тусламжаар шинээр барина. ИНЕГ-ас тус нисэх буудлын байршлыг шинэчлэн тогтоож, нисэх буудлын танилцуулга, аэродром, барилга байгууламжийн батлагдсан зургийн даалгаварыг бэлтгэж, холбогдох дээд байгууллагад хүргүүлсэн байна.
 
Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, агаарын хөлгийн хөөрч буух хатуу хучилттай зурвастай болсноор шинэ төрлийн онгоцны үйлчилгээ нэвтэрч, бүс нутгийн агаарын тээврийн харилцаа өргөжиж, үйлчилгээний чанар сайжрах юм.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг