sonin.mn
ГУАНЖОУ./Kyodo/. Мансууруулах бодис хууль бусаар хил давуулан худалдсан япон залууг Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид пүрэв гарагт цаазаар авчээ.
 
Гуандун мужийн төв Гуанжоу хот дахь Японы Ерөнхий консулын газрын мэдэгдсэнээр, энэ залуу зургаан жилийн өмнө тус мужийн Дунгуан хотод 8 кг метамфетамин буюу “мөс” хэмээх мансууруулах бодисыг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдсон байна. 2014 онд түүнд цаазын ял оноож байсан аж.
Хэрэгтнийг удахгүй цаазаар авна гэж Дунгуан хотын шүүх энэ сарын эхээр Японы Ерөнхий консулын газарт мэдэгджээ.
 
Японы олон нийтийн хандлага болон иргэдээ хамгаалах ёстой засгийн газрын үүргээс үүдэн энэ хэргийн талаар сэтгэл түгшиж, санаа зовниж байгаагаа Бээжин дэх ЭСЯ-аараа дамжуулан Японы Засгийн газар илэрхийлж байжээ.
 
1972 онд хоёр улсын харилцаа хэвийн болсноос хойш Хятадад Японы 7 дахь иргэн цаазаар авахуулсан нь энэ юм. Үүний өмнө хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард Японы иргэн Хятадад цаазлуулжээ.
 
Хятад улсад 50-аас дээш грамм “мөс”-ийг хууль бусаар хил давуулсан, худалдсан хүнд ялын дээд хэмжээ оноодог байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг