sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгт 20 өвчтний аминд хүрсэн гал түймэрт өртсөн эмнэлгийн эзнийг цагдаа нар баривчилжээ.
 
Тус улсын Орисса мужийн “SUM” хувийн эмнэлгийн дарга Манож Наяк лхагва гарагийн орой өөрөө цагдаагийн газарт очсон байна.
Гал гарсан хэрэгт холбогдуулан өөр дөрвөн хүн, тэдний дотор нэг эмчийг саатуулаад байгаа ажээ.
 
Даваа гарагт тус эмнэлгийн диализ болон эрчимт эмчилгээний тасгуудад гал гарч эхэлснээр эмнэлгийн барилга бүхэлдээ шатсан билээ. Гал сөнөөгчдийн ярьснаар, цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарчээ.
 
Орисса мужийн Цагдаагийн газрын дарга Кунвар Брижеш Сингх хэлэхдээ “эмнэлгийн дарга зугтсан боловч эцэст нь өөрийн биеэр цагдаагийн газарт ирлээ. Түүнийг саатуулан байцааж байна” гэв.
 
Баривчлагдсан хүмүүсийг “санамсаргүйгээр хүний аминд хүрсэн”, "хариуцлага алдсан" гэх зүйл ангиар шийтгэх ажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг