sonin.mn
Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааныг нэг сарын хугацаатай зарлажээ.
 
Уралдааны зорилго нь нийслэл хотын өмнө тулгамдаж буй хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологийг нэвтрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжин ажиллахад орших юм.
 
Ирэх сарын 21 хүртэл зарласан уг уралдаан нь үндсэн 3 төслийн хүрээнд явуулна.
Үүнд: Нэгд, “Ухаалаг Улаанбаатар” - Дэд бүтэц, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх юм.
 
Хоёрт, “Цэвэр Улаанбаатар” - Агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол, ус хангамжийн зохистой хэрэглээ, саарал усны ашиглалт зэрэг хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэнэ.
 
Гуравт, “Аз жаргалтай Улаанбаатар” - Өдрөөс өдөрт нийслэл хотоо аз жаргалтай хот болгон хөгжүүлэхэд хотын иргэд оршин суугчдын оролцоог өргөжүүлж, аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинэ шийдлээр шийдвэрлэх гэсэн сэдвээр төсөл хийх юм.
Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг