sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ардчилсан намын Хиллари Клинтон, Бүгд найрамдах намын Дональд Трамп нарын сүүлчийн халз мэтгэлцээн өчигдөр Лас-Вегас хотод боллоо.
 
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн ширүүн болов. Тэд зургаан сэдвээр мэтгэлцэж байсан ч бие бие рүүгээ ихээр довтолсон байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон “Хэрэв Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол Владимир Путин түүнийг өөрийнхөө утсан хүүхэлдэй болгоно” гэжээ. Түүний хариуд Трамп “Та өөрөө хүүхэлдэй. Би Оросын хакерын асуудлыг бол буруутгана. Би Путиныг сайн мэдэхгүй. Тэр зүгээр миний талаар эерэг зүйл хэлсэн” гэв.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд Хиллари Клинтон илүү байсан гэсэн дүн гарчээ. Халз мэтгэлцээн дууссаны дараа CNN болон ORC-гийн судалгаагаар асуулгад оролцсон хүмүүсийн 52 хувь нь Хиллари Клинтон байр сууриа тодорхой бөгөөд үндэслэлтэй хамгаалсан хэмээн үзсэн байна.
 
Харин 39 хувь нь Дональд Трампыг илүү байсан гэж үзжээ. Өмнөх хоёр мэтгэлцээнд мөн л Клинтон илүү байсан гэж санал асуулгад оролцогчид үзсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болно.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин