sonin.mn
Монгол залуус япончуудаас туршлага судалж, дадлагажих боломж нээгдсэн ч төд удалгүй зогслоо. Уг нь энэ бол хэн нэгэн эрх мэдэлтний  гаргасан шийдвэр, хөөцөлдсөн ажил биш юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн түвшинд ярьсан зүйл юм.
 
Бүр тодорхой хэлбэл, Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Японд дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийг туршлага судлуулахаар болсон байдаг. Албан ёсны хэлэлцээр хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа УИХ-ын дарга З.Энхболд,  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарын албаныхан өнгөрсөн зургадугаар сард Япон улсад айлчлаад ирэхдээ “Чингис хаан” нисэх буудалд буусан даруйдаа  18:00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байв. Тухайн үед Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан монгол залуус дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Япон улсад мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх эхний алхам хийсэн тухай мэдээлсэн.
 
Гэвч цаг хугацаа нь сонгуулийн өмнө таарсан болоод ч тэрүү ардын намынхан баахан баалав. Бүр Японы элчин сайдын яам руу бичиг илгээсэн тухай мэдээлэл ч цахим ертөнцөд тархаж байлаа.
 
Гэсэн ч Япон руу дадлагажигчаар явах сонирхолтой залуусыг  өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан бүртгэхэд 39  хүртэлх насны 18 мянган  иргэн  бүртгүүлжээ.
 
Иргэдийг гурван сар япон хэлний бэлтгэлд суулгахаар болж долдугаар сарын 22-ноос эхлээд эхний ээлжийн 150 хүнийг МСҮТ, коллеж дээр сургалтад хамруулж эхэлсэн юм. Япон улс 2020 оны олимпийг зохион байгуулахтай холбоотойгоор тус улсад бүтээн байгуулалтын ажил хийгдэх учраас энэ салбарт түлхүү ажиллуулах мэдээллийг ч албаныхан хэлж байсан.
 
Мэдээж хүмүүсийг бүртгэх, хэл заах багш нарыг шалгаруулж авах гээд чамгүй их ажил, хөрөнгө мөнгө зарсан нь тодорхой.
 
Гэтэл мөнгө зарлагдахаас илүүтэй япон явахаар бүртгүүлж ээлжээ хүлээж байгаа 18 мянган иргэн өнөөдөр гацаанд орчихоод байна. Учир нь сонгуулийн дүнд шинэ Засгийн газар байгуулагдаж яам нь бүтцийн өөрчлөлтөд өртөж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон хувирч сайд нь солигдсоноос бүх ажил зогсчээ.
 
Н.Номтойбаяр сайд ажлаа авангуутаа Японд дадлагажих иргэдийн сургалтыг зогсоох чиглэл өгсөн байна. Үүнээс болж ганц ээлжийн 150 хүн л сургалтад сууж амжжээ. Түүнээс хойш бүтэн хоёр сар гаруй хугацаанд горьдлого тээсэн  иргэд дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн хаалгыг сахиж, албаны хүмүүсийн амыг “харж” сууна.  
 
Нэг сайд томилогдоод өмнөх нэгнийхээ ажлыг баллуурдсанаар ажил амьдралаараа хохирч үлдэх нь хэмээн иргэд шүүмжлэлтэй байгаа тухай ч Хөдөлмөрийн хэлтсийн ажилчид хэлж байсан юм. Хэд хэдэн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр орж лавлахад “Санхүүжилт хөрөнгө мөнгө байхгүй гээд  яамнаас зогсоосон. Хэдэн хүн бүртгүүлсэн эсэхийг хэлэх боломжгүй. Ихэнх ажилчид солигдсон болохоор мэдээлэл өгөх хүн алга. Сайдын үүрэг чиглэлийг хүлээж байна”  гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.
 
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Япон руу явах дадлагажигчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Шийдвэр, чиглэл нь гараагүй” гэсэн хариултыг өглөө.
 
Бид энэ талаар Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайханы байр суурийг асуухад “Засгийн газрын залгамж чанар гэж байдаг. Өмнөх Засгийн газрынхаа бодлогыг дэмжээд үргэлжлүүлээд явах ёстой. Бид үндэс суурийг нь тавьсан. Шинэ Засгийн газар анхаарч ажиллана байх” гэлээ.
 
Ерөнхий сайд хэд хоногийн өмнө Японд айлчлах үеэр бас л дадлагажигчдын талаар ярилцжээ. Энэ талаар “Монгол Улсын хөгжилд нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтнүүдийг Япон улсад суралцуулах, оюутан, дадлагажигч ажилчдыг илгээх тал дээр хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон”-ыг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Мөн дадлагажигч ажилчин илгээх асуудлаар Японы олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллагынхан энэ оны сүүлээр манай улсад айлчлахаар болсон байна.  Харин хэзээ явахыг 18 мянган иргэн хүлээж байна.
 
Засгийн газар хоорондын зөвшилцөл дээр нь сургалтын байр багшлах боловсон хүчин бэлэн болчихоод байхад Монгол Улсын Засгийн газар 18 мянган иргэнийхээ “виз”-н дээр хэзээ тамга дарах вэ. Нэн даруй шийдэхгүй бол хожимдож мэдэх нь.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин